Monday, March 8, 2010

“Хорвоод ганцхан ЭЭЖДЭЭ”


Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист аж төрөн суугаа Монголын саран гоо ээжүүд, хүний сайн хань, сайхан бүсгүйчүүд, үзэсгэлэнт бяцхан гүнж нартаа аз жаргал хүсэн ерөөе.

Энэ сайхан өдрийг угтан түрүү жил бичиж байсан бичлэгээ дахин оруулж байна. Өнгөрсөн жилийн өдийд ижий маань БНСУ-д буй дүү нар дээр минь өвөлжиж байсан билээ. Харин бие нь жаахан чилээрхсэнээс болоод энэ баярын өдрийг эмнэлгийн ор бараадан өнгөрүүлж байна.

Өглөө босоод аагтай цай чаначихлаа. Одоо хэдэн сайхан халиартай хуушуур хийгээд муу ижийдээ дэгдээд очноо. Энэ хорвоод амьд явахдаа, эргэж очих ээжтэй, эрхэлж нялхран үнсүүлэх “Бурхан”-тай байх ямар сайхан юм бэ?
Ижийдээ нэг үнсүүлээд ирье дээ...


“Анхаараарай. Улаанбаатараас Сөүл орох зорчигчид ачаа тээшээ бүртгүүлнэ үү!” гэх дуунаар ижий минь өндөлзөн “Миний хүү, одоо хоцрох нь байна шүү” гэв. БНСУ-д ажиллаж, суралцаж байгаа дүү нар дээр минь өвөлжихөөр явах гэж байгаа ижийгээ гаргаж өгөхөөр онгоцны буудалд ирсэн би хэрэндээ л сандарч байлаа. Ганцаархнаа явж байгаа настан буурал ижийгээ амьтан хүнд захих санаатай буудлын заалаар нэг гүйлээ дээ. Зүс таних хүн тааралдах байгаа гэж дотроо горьдон хүн хүний царай харж яваад нэг харвал ижий минь ачаа бараагаа сандал дээр орхиод өндөр нуруутай залуутай тээр хол ярьж зогсоно. Би ч сандраад хар гүйхээрээ ирж чемодан савыг нь аваад тэр хоёр дээр очлоо. Гэтэл ижий маань аминдаа надад тус болох санаатай Сөүл нисэх хүн сураглаж, хань бараа хайж байсан юмсанж. Тэнэг үр нь тэр сайхан сэтгэлийг нь яаж мэдэх вэ дээ. Бухимдсандаа болоод “Би таныг хаашаа ч хөдлөлгүй ачаагаа хараад энд сууж бай гэсэн биз дээ? Гэтэл хамаг юмаа хаяад таньж мэдэхгүй хүнтэй яриад явж байх юм. Юмны гай гэж хэцүү шүү дээ. Яг нисэхийн даваан дээр хамаг юмаа алдвал яана. Энэ түмэн хүний дунд та бид хоёр ганц чемоданаа алдчихвал яах юм бэ? Гар хоосон нисэх болно шүү дээ” гээд л урсгаж өглөө. Намайг ингэж цамнаж байх зуур ижий минь дув дуугүй сонсоод сууж байснаа “Миний хүү битгий бухимдаж цухалд аа” гэдэг байна шүү. Хэлэх үг ч олдсонгүй.

Гурван хүү төрүүлж өсгөснөөс сүүлийн хэдхэн жилийн дотор ойр ойрхон хоёр хүүгээ алдаж ганц надтайгаа үлдсэн ижий минь надад амиа тавьна. Газар дээр ганц үлдсэн хүүдээ янз бүрийн муу зүйл тохиолдох вий гэж бодохоор сэтгэл зүрх нь шаналдаг бололтой юм. “Ууж идлээ, наргиж цэнгэлээ” гэдгийг минь сонсоод хичнээн ч шөнө нойргүй хоносныг нь хэн мэдэх вэ дээ? “Миний хүү, чи битгий архи уугаач! Ээж нь чамайг согтуу явна гэж сонсохоор айгаад байх юм. Чи элэг зүрх муутай хүн. Ууж идэж яваад энд тэнд ойчоод өгвөл эргэж босохгүй шүү дээ. Ээжээ битгий тэгж зовоогоорой” гэхэд нь ”Та дэмий юманд санаа зовж суух юм. Би яах ч үгүй” гэхээс өөр олигтой тайлбар хэлж сүү шиг сайхан сэтгэлийг нь засч аргадаж чаддаггүй би мөн ч тэнэг хүн шүү.

Үймж бужигнасан олны дундаас хүүгээ нүдээр хайж зогсоо ижийгээ хараад тэгэхэд нэг их өрөвдөж билээ. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн ная дөхөж байгаа миний муу ижий чихэр шоколад, амттанаар дүүргэсэн цүнх саваа бариад олны дунд учраа олохгүй зогсохыг би анх удаа харж байгаа минь тэр. Урьд өмнө нь хэд хэдэн удаа нисэхдээ сайн дүүгийн буянд ачаа тээш, бичиг баримтаа бусдаар янзлуулаад, тусгай өрөөнд тухлан, улаан дарс шимсэн шиг үдүүлж байсан ижий маань энэ удаа ёстой сандарсан байх аа. Ижий минь гаалийн үзлэгээр ороод цааш шалганы бүсэд орсон хойноо ч эргэн эргэн харсаар байж билээ. Урьд нь хэзээ ч тэгж байгаагүй болохоор би ч айчихлаа. Юуны өмнө муу л юм бодлоо. “Ижий минь яагаад тэгж их эргэн эргэн харав аа? Юу зөгнөж ёрлосон юм бол доо” гэж бодоод орой нь Сөүл рүү залгаж дүү нартайгаа ярьлаа. Хамгийн түрүүнд л “Ээж сайн явж хүрэв үү?” гэвэл “”Дажгүй явж ирлээ. Сая тосож аваад явж байна” гэхээр нь “би ярья” л гэлээ.

-За, ээж минь сайн явж хүрэв үү? Замдаа ядрав уу?
-Сайн явж ирлээ. Ядарсангүй ээ.
-За яамай даа. Та яагаад онгоцны буудал дээр намайг эргэн эргэн хараад байсан бэ? Би ч бүр санаа зовлоо шүү дээ.
-Ээж нь хүүгээ яагаад алга болчихов? Ижийгээ онгоцонд оруулж өгөхгүй байсан юм байх даа гэж бодоод...
-Ээ, ээж минь дээ. Тэр чинь хориотой бүс. Юу гэж хүүг нь тийшээ оруулах вэ дээ. Харин ч би амьтан хүн гуйж байж таныг гаалийн бүс өнгөртөл гаргаж өгсөн. Тэрнээс чинь цаашаа намайг оруулдаггүй юм шүү дээ.
-Аан. Ээж нь харин хүүгээ онгоцонд оруулж өгөх байх гэж бодоод л хайгаад хараад байсан юм гэдэг байгаа. Ээж минь дээ, ээж минь...
Би таньдаа эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Далай ламын тарни шившлэгтэй эрдэнийн үрэл, ариун Гангын рашаан сэлтийг илгээж чадсангүй ээ. Хүүгээ өршөөгөөрэй.
Харин таньдаа нэгэн сайхан дууны шүлэг хэрхэн бүтсэн түүхийг сурвалжлан бичиж илгээлээ. Мянга мянган уул усны цаана суугаа ижийдээ барих бэлэг минь болог. Бас миний адил ижийгээ санаж суугаа хонгорхон үрс нь энэ сайхан дууны түүхийг уншиж, сэтгэлээ зөөллөн элгээ дэвтээх болтугай!

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны “Хорвоод ганцхан ээждээ” хэмээх нэгэн сайхан дуу бий. Ээждээ хайртай хүн бүрийн сүлд дуу болон түгсэн энэ дуу хэрхэн бүтсэн түүхийг сонсохоор яруу найрагчийг зорьсон юм. Янжинлхамын хишигт яруу найрагчийн хуучилсан нь:

-“Хорвоод ганцхан ээждээ” дууг 1983 онд зохиосон. Дуу зохиох болсон түүх бол Чинзоригтой хамаатай юм. Чинжиг бид хоёр хоёулаа Булган аймгийн Могод сумын улсууд. Нэг аймгийн, нэг сумын улс гэдгээ хожуу мэдсэн л дээ. Чинзориг бол айлын ганц хүү. Нэг эгчтэй. Чинзоригийн ээж нь одоо ч амьд байгаа шүү дээ. Өндөр настай хүн бий. Ээж нь тэр эгчтэй нь байгаа.

Ээжийг нь би таньдаг, тэдний манай хоёр нэг байшинд амьдардаг байсан юм. Ээж нь киноны дугуй хайрцаганд улаан тамхи хийчихээд ороож татдаг хүн л дээ. Миний ээж бас тэгж улаан тамхи татдаг хүн байсан. Чинзоригийн ээж тэгж тамхи татдаг нь миний ээжтэй их адилхан харагдана. Тэгэхэд миний ээж бурхан болчихсон байсан л даа. Ээж минь бурхны оронд очсон учраас амьд сэрүүнд нь хүндэлж асарч байх минь яав даа гэж их харамсдаг байлаа. Харин Чинзориг бол ээж нь байгаа болохоор над шиг тэгж ээжийгээ гэхгүй байхгүй юу. Би тэгээд бодсон л доо. “Чинзоригт дууны үг бичиж өгье. Хүн ээжийгээ хайрлах ёстой. Бид адилхан залуу улс шүлэг уншаад л наана цааныг бодохгүй залуу нас явж байна. Ийм дууны үг бичвэл нэг юм бодох байх” гэж бодсон юм. Тэгээд энэ дууныхаа үгийг бичсэн. Тэр үед бичгийн машин, компьютер энэ тэр гэж байхгүй, гараараа сараачаад л огчихсон. Мань эр пиджакныхаа хармаанд хийгээд л алга болсон. Тэгээд сургуульд яваад өглөө. Хойтон жил нь ирээд хэлж байнаа. “Би нөгөө дуунд чинь ая хийчихсэн. Манай Шавардолоовсогын /Свердловск хот/ сүлд дуу болсон шүү дээ, таны дуу” гэдэг юм байна.

“Нэгэнт ая хийсэн юм бол энэ дууг Зохиолчдын хорооны яруу найргийн секцээр батлуулья. Тамга даруулаад радиогийн алтан фондод өгье” гэж бодоод тамга даруулж аваад радиогийн алтан фондод аваачиж өгтөл аваагүй. Т.Чимэддорж гуай тэгэхэд радиогийн хөгжмийн редакцын дарга байсан юм. “Нас тогтох сайхан” гээд л олон гоё дуу хийсэн хүн шүү дээ. Чухам яагаад аваагүйн учрыг мэдээгүй. Тэр үед дууны шалгуур их өндөр байсан л даа.

Дараа нь энэ дуу ард түмний дунд дуулагдсаар байгаад л радиогийн алтан фондод орсон доо. Эхлээд Свердловскийн оюутнууд дуулаад, дараа нь хүмүүс дуулаад, сүүлд нь Төмөрхуяг авч дуулаад. Төмөрхуяг сүүлд хэдэн хийлчидтэй хамт дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн юм билээ. Төмөрхуяг өөрийнхөө концертийг бичүүлэх гэж л бичүүлсэн болохоос би зохиогчийн хувьд бичүүлээгүй. Чинзориг ч бичүүлээгүй. Радиогийн алтан фондод орсон түүх нь тийм.

Энэ дуутай холбоотой бас нэг сонирхолтой түүх байдаг юм. Манай нэг дүү Шаамарын тракторын курст сурч байгаад зодоон нүдээнд холбогдоод шийтгүүлвээ. Тэр дүү маань бурхан болсон л доо, зайлуул. Шоронд нэг жил суудаг юм байнаа. Хэцүү нэртээс гарч ирсний дараахан нь бас тэндээс гарч ирсэн улс танимгайрхаад манайхаар ирдэг байлаа. Тэгэхэд тэр хүмүүсийн тэмдэглэлийн дэвтэр дээр миний энэ дууны
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ гэдэг хоёр мөр байх юм. Тэд “Өө, та зохиосон юм уу? Нарсанд байгаа улсын олонхийнх нь тэмдэглэлийн дэвтэрт таны энэ дууны шүлэг байдаг юм шүү дээ” гэж надад хэлж байсан. Тэгэхэд л би миний энэ дуу, энэ бадаг нь хүмүүст их хүрсэн юм байна даа гэж бодож байсан. Түүх нь гэвэл ийм.

3 comments:

Anonymous said...

Soronzon akh, eejdee minii ch mendiig hurgeed unsuuleed ireerei. Eejteigee baih saihaan. BM

Pro31 said...

uilchihlaa. eej nariigaa dandaa hairlaj bgaaraa humuus ee! bi horvood gats eejiigee aldsan hun. ungursniih n daraa haramsahguigeer ami mend bgaa deer n l hairlaj halamjilj bh heregtee shuu ma min ee. buh eej nariig changa terveed, unsii!

Өнөржаргал said...

Энэ чинь ийм гоё дуу билүү? Сая клипийг нь үзээд л анзаарлаа. Дандаа найран дээр ч юмуу сонсож байсан хэхэ.