Wednesday, April 14, 2010

“Ардын дуунаас ургасан цэцэг”


Энэ хагас сайн өдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд “Учиртай гурван толгой” дуурийн тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд уг тоглолт хоёр онцлогтой гэнэ.
1. “Чулуун сан”-гийн санаачилгаар энэхүү дуурийн ноотыг шинэчлэн хэвлүүлсэн эхээр тоглох аж. Уул шугамандаа анхны эхээр нь сэргээн тоглоно гэсэн үг юм байна л даа.
2. Японы дуучин бүсгүй Окуяма Юми Нансалмаад гоцлох ажээ.

Ойрын арваад жил “Учиртай гурав”-ыг үзсэнгүй ээ. Одоо харин зорьж үздэг хэрэг. Гэвч үзэхээсээ өмнө бодууштай ганц нэг зүйл байна аа. Би ер нь энэ дуурийн тухай юу мэдэх билээ? Холбогдох ямар ном хэвлэл надад байна вэ? Номын сангаа ухаж үздэг хэрэг ээ, хө.

За, “авдрын ёроолыг ухтал” ашгүй ганц нэг зүйл байна шүү.
1. Д.Намдаг “Шинэ Монголын шинэ театр”. УБ. 1988 номын 54-66 талд “Учиртай гурван толгой” гэсэн гарчигтай дурсамж байна. Тэнд эл дуурийг анх хэрхэн тавьсан тухай дурсамжаа Намдаг гуай дэлгэрэнгүй бичжээ. Мөн уг номын 146-176 талд байгаа Д.Нацагдоржийн тухай дурсамжид алдарт дуурьд холбогдох мэдээ цөөнгүй байна.
2. Э.Оюун “Монголын театрын түүхэн замнал”. УБ. 1989 номын 153-161 талд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг хэрхэн тавьсан тухай өгүүлжээ.
3. Д.Цэдмаа “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн түүхэн хөгжил. УБ. 2005 он.
Монголын театрын музейгээс эрхлэн хэвлүүлсэн энэхүү судалгааны бүтээлд “Учиртай гурван толгой” дуурийн тухай ховор сонин баримт олныг оруулсан байдаг юм. Урьд өмнө төдийлөн олон нийтэд мэдэгдэж байгаагүй эх хэрэглэгдэхүүн олныг оруулснаараа олзуурхууштай бүтээл болсон болов уу гэж би боддог. Дахин хэлэхэд, театр судлал сонирхож байгаа хүн, “Учиртай гурван толгой” дуурийн түүхэн хөгжлийг сонирхсон хэн хүнд энэ ном тун чухал гарын авлага болно доо.
4. Мөн дуурийн 1976 оны хөгжмийн клавирыг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж 2003 онд хэвлүүлсэн нь байна. Уг номыг надад “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг зохиосон Б.Дамдинсүрэн гуайн охин Дамдиндулам эгч бэлэглэсэн бөгөөд “Аавынхаа уран бүтээл Учиртай гурван толгой дуурийн номыг дурсгав” хэмээн бичиж өгснийг би номын сандаа хүндтэй байранд залдаг юм.

Бас миний цуглуулгад энэ дуурьтай холбоотой зарим нэг сонирхолтой “юм” байна аа. Жишээ нь:
-1941 онд тайзнаа тавьсан аялгуут жүжгийн хөтөлбөр
-Юндэнгийн дүрд хамгийн олон буюу 1000 гаруй удаа тоглосон Ц.Дагвананмдал гуайн тоглолтын үеийн гэрэл зураг. /өөрийнх нь гарын үсэгтэй/
-Юндэн-УГЖ А.Цэрэндэндэв, Нансалмаа-АЖ Л.Цогзолмаа нар тоглож байгаа 1950 оны гэрэл зураг
-Дуурийн театрт 1990-ээд оны эхээр тавьсан тоглолтын либретто.
-“Монголын “Учиртай гурван толгой” дуурийг Хятадын Бээжин дуурийн театрт найруулан тавив. 1956 оны 6 дугаар сар” гэсэн хуучны фото байна. Энийг Цэндмаа эгч, Чулууны Чинбат гуай хоёрт үзүүлэх юмсан. Тэр хоёрт байдаг юм болов уу?

Харин Дуурийн театрт ажилладаг байсан, ахмад цуглуулагч Сүхбаатар гуайгаас “Учиртай гурван толгой” дуурьтай холбоотой хуучны гэрэл зургууд авч чадаагүйдээ одоо болтол амаа барьдаг юм. Уг нь би гэрт нь очиж цуглуулгынх нь зах зухыг үзэж л байсан юм. Мань хүн надад өгнө гэж хайсан зургаа эрж ядаад байхаар нь санаа зовоод “За, дараа болсон ч яахав. Олдоно биз дээ” гээд тэднийхээс гарсан. Дараа нь тухтай уулзах зав чөлөө гарахгүй явсаар байгаад мартаж орхисон. Сүүлд нь Солонгос руу хэдэн жил яваад ирэх хооронд тэр хүн бурхан болсон байж билээ. Дуурийн театрын тайзнаа тавьсан бүх жүжгийн либретто болон гэрэл зургуудыг уйгагүй олж цуглуулсан тэр хүнээс ямар сонин сайхан зүйл гарч ирэх байсан бол оо гэж бодохоор л одоо өөрийн эрхгүй толгойгоо шаадаг юм даа...

Эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай,
“...Энэ дуурийг “Ардын дуунаас ургасан цэцэг” гэж нэрлүүштэй. Энэ зохиол утга уянгын шинж чанартай, монгол үндэсний бадагт дуурийн шилдэг бүтээл юм” гэж үнэлэн бичсэн байдаг. “Учиртай гурван толгой” дуурийн тухайд Оюун гуайн хэлсэнээс илүү гарч, давж тодорхойлж би яахан чадах билээ.

За, үг олдож, үхэр холдлоо. Халуу дүүгэсэн ханиа тэврээд унтах минь.
Ижил хоёр шувуу шиг
Ижилдээд хоёулаа явъя хө
Ингэж нийлэхээс илүү
Жаргал хаанаас байдаг юм бэ хө өө өөөөөөөө

1 comment:

byambaa said...

bi ene tuujiig anh 10 dugaar angid bhdaa 2 frants huntei bas neg angiihaa naiztai uzej bsn, orchuulah gej munginasaar bgaad...
gol uild yavdliig ni neg yum halit hult medeed bgaam, buren duuren medkuu ee, bas nom tsugluulga ch bhgui, shan bichleg bnaoo.