Saturday, May 15, 2010

МОД ТАРЬСУГАЙ


Ойрхны нэгэн толгодын боорьд айлын өвөлжөө харагдаж байна. Энд шороон шуурга их болсноос айл нь өөр нутаг руу нүүсэн гэх юм. Уг нь тэр айл энд тохитой төвхнөх бодолтой байсан нь нурсан шавар хашаа, саравч, байшингийн үлдэгдэл зэргээс харагдаж байна. Тэр айл энэ нутгийн нөхцөл байдалд зохицож чадаагүй юу, аль нутгаа зохисгүйгээр эдлээ юу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Эсвэл энэ нутгийн байгаль орчин өөрөө аяндаа өөрчлөгдөн хувирсан байж болох юм. Айлд ойрхон нэг нуур байсан нь одоо бараг ширгэж дуусаж байна. Бас толгойн ар ойгоор хайлаас ургаж байсны үлдэгдэл үзэгдэнэ. Хүн байгаль орчинд хатуу ширүүн хайр гамгүй хандсанаас нутгийн нүүр царай өөрчлөгдөх явдал их бий.

“Америкийн Нэгдсэн Улс дахь пионеруудын эрин шороон шуурганд мөхлөө” гэдэг гарчигтай алдарт өгүүллийг “Норс Чайна Стар” сэтгүүлээс уншлаа. Энэ өгүүлэлд Дотоод хэргийн яамны усжуулалтын хэлтсийн эрхлэгчийн хэлсэн үгийг оруулжээ. Тэрээр элсэн шуурга, ган гачиг олширсноос газар тариалан доройтсоныг баримтаар дурдаад, хэрвээ мод, ургамал тариалж хөрсний эвдрэлийг зогсоохгүй юм бол байгалийн сүйрэл нөмрөн ирэх нь зайлшгүй гэж онцлон сэрэмжлүүлжээ. Ерөнхийлөгч Рузвельт, газар тариалангийн сайд Уоллес нарын авч явуулсан арга хэмжээ хойшлуулшгүй, цагаа олсон явдал болов. Нутаг орны цаг уурын болон байгалийн бусад нөхцөл нэг хүний насанд өөрчлөгдөн хувирсныг ажиглаж болно. Байгальд зүй зохисгүй хатуу ширүүн хандсанаас үүссэн доройтлыг засах хэцүү, бараг боломжгүй. Тийм учраас хөрсөө хамгаалахын тулд мод, ургамал тариалах нь чухал. Өчигдөрхөн хөрсний дээж авч байхдаа “Хөрсийг судлах, харьцуулах нь чухал юм байна” гэж бодлоо. Хөрс төдийгүй тэндхийн шавьжийг судлах хэрэгтэй. Байгальд хэрэгтэй, хортой олон янзын шавьж байдаг. Гэсэн ч энэ бүхнээс гадна байгаль орчны хатуу ширүүн нөхцөлд олон зуун жилээр дасан зохицсон ургамлын үрийг олж тариалбал нэн сайн.

Монголын их тал, манхант говь хоёрын зааг орчмын байгалийн сонин тогтолцооноос ашигтай зүйл олныг олж болно. Говь болон Такла-Макалын цөлөөс элсэн шуурга эрчлэн босоход эдгээр нутгийн тэртэй тэргүй хожуу цухуйдаг өвс ургамал тэсэхгүй нь дээ гэж сэтгэл зовмоор байдаг. Гэтэл нөхцөл байдал хэдийгээр хэцүү бэрх байсан ч гэсэн ургадаг өвс нь ургаад л байдаг шүү. Тийм ургамал хэдийгээр тачирхан ч гэсэн шим тэжээл ихтэй байдаг. Түүнийг идсэн адуу мал дорхноо тэвээрэн таргалдаг. Ганд тийм тэсвэртэй өвслөг бутлаг ургамлын төрөл зүйл тийм ч олон бус. Олон зуун жилийн шалгарлын үр дүн мөн. Байгаль цаг уурын нөхцлөөр багахан ялгаатай Манжуурт тийм тэсвэртэй ургамлын 800 орчим төрөл зүйл байхад Монголын тал нутагт 300-гаадхан байх жишээтэй. Гэвч хэргийн гол учир үүнд байгаа юм биш. Харин тоогоор олон биш ч гэсэн шим тэжээл сайтай, элдэв зохисгүй нөхцөлд тэсвэртэй ургамал байх нь чухал. Тийм ургамал хөрс бэхжүүлэх, малын сайн тэжээл болох хоёр талын ач холбогдолтой.

Манжуурт ургамлын төрөл зүйл олон байдаг тухай ийм нэг домог хэлэлцдэг: “Ертөнц бүтэх үед бүх нутаг оронд ургамал, амьтныг бурхан тараахдаа Манжуурыг мартчихсан байж гэнэ. Мартагдсан Манжуурын тухай сануулахад Бурхан: “Тулам дотроо үлдсэн бүхнийг тийш нь асгачих” гэжээ. Тиймээс Манжуур нутаг ургамал, амьтны аймгаар баян болсон гэдэг. Тэнд гандуу дулаан орны ч, хүйтэн сэрүүн орны ч ургамлууд холилдон ургасан байдаг нь сонин. Эхлээд Каспи орчмын хязгаарт, дараа нь Манжуурт газар зохион байгуулах талаар их ажил хийсэн генерал Хорват энэ домгийг надад ярьсан юм. Генерал мод тариалах талаар ихээхэн туршлага хуримтлуулсан хүн байлаа. Түркестанд төмөр зам тавих үед элсний нүүдлийг зогсоох шаардлага тулгарчээ. Өвс болон бутлаг ургамал төдийгүй хайлаас, харгана, улиас, зарим зүйлийн бургас тарьж, уг зорилтыг хэдхэн жилийн дотор шийдвэрлэж чадсан байна. Манжуур хэдийгээр ургамлын аймгаар баялаг ч гэсэн ажиглалт хийхэд манхант Монголыг бодвол тохиромж муутай.

Элсэн шуурга болон торнадо хэмээх аюумшигт салхины эсрэг юуг сөргүүлэн тавих ёстой вэ гэх юм бол энгийн, найдвартай, ашиг тустай зүйлийг санаачлах хэрэгтэй гэх байна. Монголд гэхэд л үлгэр жишээ аж ахуйнууд байгуулах, мод бут тарих, малын үүлдэр угсааг сайжруулах талаар бодож эхэлж байна. Монголын Засгийн Газраас (Өвөр Монголыг хэлсэн бололтой-орч.) тогтоосноос үзвэл улс орноо хөгжүүлэхэд дараах арга хэмжээнүүдийг авч явуулах нь зайлшгүй чухал хэмээн үзсэн бололтой.

Үүнд: 1. Монгол боловсон хүчин бэлтгэх зорилгоор үндэсний дээд сургууль байгуулах; 2. Монголын зэвсэгт хүчнийг үндсээр нь өөрчлөн байгуулах; 3. Өвөр Монголд өвчтөн эмчлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, эмнэлгийн газруудыг олноор байгуулах; 4. Маршал Чан-Кай-Шийн дэвшүүлсэн шинэ амьдрал хөдөлгөөний үндсийг Өвөр Монгол даяар хэрэгжүүлж, үлгэр жишээ шинэ тосгодыг байгуулах; 5. Монголчуудын соёл боловсролыг дээшлүүлэхийн тулд соёл урлагийн байгууллагуудыг байгуулах; 6. Монгол багш нарыг бэлтгэх сургуулийг хааяагүй байгуулах; 7. Байгалийн баялгийг зохистой ашиглахын тулд үйлдвэр худалдааны байгууллагуудыг байгуулж, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор зээл олгодог банк байгуулах; 8. Өвөр Монгол даяар дардан зам байгуулах асуудал хэрэгжүүлэх; 9. Өвөр Монголын бүх аймаг хошуудыг телефон, телеграф, шуудангийн цэг салбараар хангах тусгай товчоо байгуулах гэх мэт. Дээр дурдсан бүхэн нэн чухал арга хэмжээ мөн бөгөөд түүнийг ухаант хүн бүхэн дэмжих ёстой.

Олон оронд элдэв будлиант явдал гарч байгаа өнөөдөр ч гэсэн ирээдүйнхээ тухай үнэн сэтгэлээс санаа тавьдгийг бид харж байна. Үүнд хоёр хандлага байгааг ажиглалаа. Нэг нь өнөөгийн түгшүүртэй байдлыг намжаах, нөгөө нь ирээдүйгээ энх амгалан, сайн сайхан байлгах эрмэлзэл юм. Хоёрдахь хандлага нь соёлт хүн болгоныг баярлуулах ёстой. Гэтэл тийм баяр баясгалан бидэнд үзэгдэхгүй байгаа нь үнэн. Ирээдүйд тэр сайхан гэрэл гэгээ гийж, элс манхан ногоороод, хааяагүй сургууль, үлгэр жишээ фермүүд байгуулагдсан цагт бидний санаа амрах байлгүй дээ.
Маргаашийн тэр сайхан ирээдүйг үзэхийн тулд өнөөдөр соёлт хүн бүхэн тэр тухай санаа тавих төдийгүй туслах ёстой юм. Урьд нь хэвлүүлсэн нэг номдоо би Монгол нутгаас сонссон нэг домгийг нийтэлсэн билээ. “Урьд нэг цагт газар дор могой хөрвөхөд газар хагараад, ахан дүүс хагацан салжээ. Одоо тэд төмөр шувуу нисэн ирж, ахан дүүсийн тухай сураг дуулгана гэж хүлээж байгаа” ажээ. Ард түмний сэтгэл ирээдүйд тэмүүлдэг. Ирээдүй рүү нэгэнт тэмүүлж эхлэх аваас тэр нь гэрэлт ирээдүй ойртсоны шинж мөн болой.

1935 оны 6 дугаар сарын 16. Цагаан хүрээ
Н.К.Рерих

Орчуулсан Ч.Нарантуяа “Аав хүү Рерих нар ба Монгол” номоос...

Эх сурвалж: http://odnarsar.blog.banjig.net

No comments: