Tuesday, July 15, 2008

Хорин долоон жил хэлмэгдсэн марк


Одоогоос 45 жилийн өмнө буюу 1962 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиосон билээ.
1962 оны II сарын 14-нд болсон МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурал дээр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир “Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудал оруулж ирэв. Уг хурлаас Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийх, дурсгалын хөшөө босгох, шуудангийн марк гаргах болон баримтат кино хийхээр тогтжээ. Ой тэмдэглэх илтгэлийн ноорог, шуудангийн маркийн эскиз, кино зохиолын төлөвлөгөө зэргийг тухай бүрт нь УТТ нарийвчлан авч хэлэлцэж байв.

Тэр үед Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байсан яруу найрагч Д.Пүрэвдорж

Чингис –нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис-сумын зэвнээс гараагүй юм
Чингис-Өэлүн эхээс төрсөн юм
Чингис-Өрлөг Монголоос гарсан юм

...Оонын халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм
хэмээн тээр жил бичиж байлаа.

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк үйлдсэнийг мөн оны YI сарын 2-ны өдөр гүйлгээнд гаргажээ.

Харин энэ үед Зөвлөлтийн дээд удирдлагын хүрээнд “Чингис хааны ой тэмдэглэх нэрийн дор үндсэрхэг үзлийг дэвэргэж, яваандаа оросын эсрэг үзэл монголд газар авч магадгүй юм” хэмээн айн болгоомжилж эмзэглэж байв. ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.С.Хрущев Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг дуудан “Улаанбаатарт юу болоод байгаа юм? Чингис хааны хөрөгтэй юун марк хэвлээд байгаа юм? Чингис хааны зурагтай цамц залуучууд өмсөөд байгаа гэнэ. Та тэнд юугаа харж байгаа юм бэ? ...Явж наад учраа ол” хэмээн толгой түрүүгүй загнасан гэдэг.

1962 оны IX сарын 10-нд болсон МАХН-ын ТХ-ны III бүгд хурлын шийдвэрээр зохисгүй баяр ёслол санаачлан “үндэсний үзлийг дэвэргэсэн” Намын Төв Хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь чөлөөлж, Чингисийн марк болон бусад дурсгалын зүйлсийг яаралтай устгав. Чингисийн 800 жилийн ойд зориулж захиалж хийлгэсэн марк зарим хөрөнгөтөн оронд гарсан тухай УТТ тусгайлан авч хэлэлцсэн байна.

Ойд зориулсан шуудангийн маркийг худалдаанаас хурааж, хадгалсан хүнийг нь шийтгэж байв. Ингэж Чингис хаандаа зориулан хэвлэсэн марк хэлмэгдэж, хорин долоон жилийн турш архивын тавиур дээр тоосонд дарагдан хэвтэх болсон юм.

Тухайн цаг үеийн үзэл суртлын байдал, их гүрний дээрэнгүй бодлогоос шалтгаалан
Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
Ган сэлмийнхээ ирээр Монгол
гэж бичсэн эзэн богд Чингис хааны хөрөг бүхий маркаа хүртэл ингэж хэлмэгдүүлж байсан түүх бий.

3 comments:

Anonymous said...

Сайн байна уу, шинэ жилийн мэнд хүргэе. Би танаас марк цуглуулагчийн хувьд зарим нэгэн зүйлийг асуух хүсэлтэй байна. 1970-1980 оны үеүдэд марк цуглуулж байсан бөгөөд надад цөөн тооны маркны цуглуулга байгаа юм. Би эдгээр маркнуудыг ямар нэртэй болох, хэр үнэ цэнэтэй болохыг мэдэх хүсэлтэй байгаа бөгөөд энэ талаар мэдээлэл авах сайт байдаг уу.

Soronzon said...

Танд ч бас шинэ оны мэнд хүргэе.
Л.Балганшош "Монгол маркийн каталог" /2006 он/ номыг үзээрэй. Төв шуудангийн дугуй зааланд зарж байгаа байх. Мөн өнгөрсөн жил миний бичиж хэвлүүлсэн "Монгол маркийн түүх" номноос ховор сонин, хамгийн үнэтэй зэрэг маркуудын тухай үзэж болно.
Эсвэл бүтэн сайн өдөр болгоны 10-13цагийн хооронд нэгдүгээр арван жилийн сургуулийн хурлын зааланд цугладаг цуглуулагч нар дээр очиж асууж лавлаж болно.

ganzoom said...

Сайн байна уу, "Монгол маркийн түүх" номыг хаанаас авч болох вэ,