Monday, February 16, 2009

Ертөнц дахины иргэн Н.К.РЕРИХ


…1927 оны намар, түүх, угсаатны зүй, байр зүйн судалгааны том аялалыг Төв Азид зохион байгуулсан, шинжлэхүйн болон урлахуйн ухааны бүтээлээрээ дэлхийд алдаршсан эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, ертөнц дахины иргэн Николай Константинович Рерих эхнэр, хоёр хүү, дагалдах хүмүүсийнхээ хамт Монголд иржээ. Машин тэрэг хөлөглөсөн, олон бараа бологчтой, монголчуудад танил бус ер бусын содон хүнийг хүмүүс сонирхож хаанаас ирсэн юун хүн бэ гэлцэн бие биеэсээ асууцгаан гайхаж байсан гэх. Төв Азийг судлах Америкийн эрдэм шинжилгээний багийг ахалж ирсэн нэрт эрдэмтэн Түвэдийн Лхаса хотод очих зөвшөөрөл хүлээн Улаанбаатарт саатаж өвлийн хүйтэн өдрүүдийг өнгөрөөсөн юм байна. Николай Константинович Түвэдэд хийх аялалынхаа үндсэн бэлтгэлийг базаахын зэрэгцээгээр их ажил амжуулж явжээ. Монголын нийгмийн амьдралаас олж харсан сонин содон зүйлээ гэрэл зургийн хальсанд буулгаж, тэмдэглэл хөтлөж ерөнхий сайд Б.Цэрэндорж, Гэгээрлийн яамны сайд Константин Феодорович Батухан/Эрдэнэбатхаан/, профессор Цэвээний Жамсран тэргүүтэй олон сэхээтэнтэй уулзаж явсан байдаг. Тэр үед татсан гэрэл зургийн ихэнх нь өдгөө Нью-Йорк хотноо түүний музейд хадгалагдаж байдаг юм байна.

Саявтархан /2008 оны 11 сард/ Улаанбаатарт зохион байгуулсан Н.Рерихын, Төв Азийн олон улсын экспедицийн наян жилийн ойд зориулсан олон улсын симпозиумын үеэр Ш.Бира гуай “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Н.К.Рерих Улаанбаатарт гэргий Елена Рерих, том хүү Юрий Рерихийн хамт ирээд найман сар хэртэй болсон байдаг. Түвэдэд хийх аялалынхаа үндсэн бэлтгэлээ Монголд хийсэн. Сонин болгож хэлэхэд их хүний хүү, миний багш Юрий Рерих өөрийн эрдэм шинжилгээний ажлынхаа зэрэгцээгээр аавынхаа экспедицийн хамгаалалтын албыг хариуцаж байсан байдаг. Тэр үеийн баримтуудаас харж байхад хамгаалалтын болон аж ахуйн ажилд нь гол төлөв монголчууд ажиллаж байсан юм билээ. Багш маань надад сүүлд энэ тухай олон сонин зүйл дурсдаг байж билээ. Энэ үйл явдалд зориулж манайхан “Аав хүү Рерих нар ба Монгол” гэсэн 40 орчим хэвлэлийн хуудас бүхий ном бэлтгэж олны хүртээл болголоо. Нэлээн сонирхолтой ном боллоо гэж бодож байгаа. Тэр үеийн үйл явдлыг харуулсан Монголын архивын ховор гэрэл зураг, баримт, мэдээллээс оруулахыг нэлээн хичээсэн. Тэр үеийн баримтуудаас үзвэл манай Засгийн газар, Судар бичгийн хүрээлэн Н.Рерихийн аялалын багийн ажиллагааг ихэд дэмжиж хамтарч ажиллаж байсан байдаг. Хориод оны эхэн үеийн манай том сэхээтнүүд их холын бодолтой улс байж. Гэгээрлийн яамны анхны сайд түүнтэй уулзаад одоогоор Германд цөөн хэдэн хүүхэд явуулж байна. Мөнгө, хөрөнгөний боломж байвал монголын залуучуудыг Америкт явуулж сургамаар байна гэж ярьж явсан байхад Цэвээний Жамсран гуай Нью-Йорк дахь Рерихын музейн удирдлагад хандаж Буддын соёлын музейг Улаанбаатарт байгуулах, Монголын угсаатны зүйн талаар өгүүлсэн баримтат кино хамтарч бүтээх санал тавьж ярьж хэлцэж явсан байдаг. Далаад жилийн тэртээх үйл явдал гэж бодохоор сонин байгаа юм.


…Николай Константинович Улаанбаатарт байхдаа зураг урлалаа ч орхисонгүй. Монголын амьдрал ахуйтай холбоотой сэдэв бүхий олон бүтээл туурвиж, “Шамбалын хаан Рэгдэндагва” хэмээх алдарт бүтээлээ ерөнхий сайд Б.Цэрэндоржид хүндэтгэлтэйгээр гардуулж байжээ. Ерөнхий сайд хариу талархаж тусгай ордон сүм бариулж уг зургийг нь байрлуулна гэж хэлж байсан ч тэр цагт боломж нь байсангүй. Харин түүний хүү эрдэмтэн Юрий Рерих 1958 онд Монголд ирээд аавынхаа энэ зураг хаа байгааг асууж сурагласан байдаг. Тухайн үед нь манайхан уг зураг хаа байгааг хэлж мэдэхгүй байсан ч аз болоход үрэгдээгүй хадгалагдаж байсан нь сүүлд мэдэгдсэн юм билээ.

Эх сурвалж: Д.Хатанбаатр “Хувь тавилангийн солбилцол” УБ. 2008 он

5 comments:

БОРОО said...

Сонирхолтой мэдээлэл байна.

Azaa said...

Ene talaar manai aav ix sonirxdog yum. Shambaliin oron baidag buguud tuuniig xaana baidagiig olox gej tusgai bag burduulj yavsan gej sonsson yum bna. Nadad ch bas ix sonirxoltoi sanagdsan shuu. Sudlaach Gankhuyag guai bas ene talaar bichsen baisan baixaa. Ta unshaagui bol tuunii ganaa.mn gesen xayagaar ni orj uzeeree. Daxin ene taliin medeelel bval iluu ix taviaraa gej xuseye. Taniig xundetgen esolson Azaa

Anonymous said...

shonojingoo tanii blogoos salalgui honoloo.mash ih taalagdlaa.
shoniin eeljtei honood biye yadarsan ch setgel neg l saihan bna.tanid bayarlalaa.

Arsun said...

Николай Константинович нэгэн ламтантай ярилцаад сууж байхыг хүү нь сонсож байгаад ороход ламтан хана нэвтлээд гарч байх нь харагджээ. Эцэг нь хүүгээ загнаж, амь насаа алдаж болох байлаа гэсэн тухай уншсан юм байна. "Шамбалын хаан Эрэгдэндагва" зургийг нь олж үзэх юмсан.

Soronzon said...

Бороод:
:)

Азаад:
Мэдээлэл өгсөнд талархаж байна аа. Би ч сүүлийн үед бараг Рерихээр "өвчлөөд" байгаа, ккк.
Удахгүй ганц хоёр шинэ бичлэг оруулахыг бодно оо.

Potat said:
Манайд тавтай морил.
Босго маань намхан, сэтгэл маань нээлттэй.Дуртай цагтаа зочилж
байгаарай, хө.

Арсланд:
Далай ламын ах Норов Лхасаас хойш цаст уулсын дунд Шамбал байдаг тухай өгүүлсэн бол Шамбалын орон Гималайн нурууны хавь газрын дээр Эфир хэлбэрээр оршдог тухай уншиж байсан юм байна.
Н.К.Рерихийн тухай унших тусам Санскритаар Капала буюу Шамбалын орон гэсэн нэгэн үзүүрт хөтлөн аваачдаг нь магад учиртай буй за.