Friday, July 31, 2009

Жанжин Суворов


Суворов-Александр Васильевич/1729-1800/
Оросын цэргийн гарамгай жанжин, Оросын цэргийн урлагийн үндсийг тавигч, Генералиссимус, Австрийн фельдмаршал.

1768-1774 оны Орос-Туркийн дайнд отряд удирдан, Туртук, Козлужид Туркуудыг бутцохиж байсан тэрбээр 1776-1779 онд Крым ба Кубан дахь Оросын цэргийн захирагчаар ажиллаж, 1782-1787 онд Кубаны корпусыг захирч, 1787-1791 онд Орос-Туркийн дайнд Фокшин ба Рымникт, Измайлын цайзын дайралтад дайсныг бутцохиж ялалт байгуулж байжээ.

1791 оноос Финландад, 1792 оноос өмнөд Орост, 1794 оноос Польшид, 1795-1796 онд Украйн дахь Оросын армийн командлагчаар ажиллаж байв. Францыг эсэргүүцэгч II эвслийн дайны үед I Наполеоны эсрэг хойд Итали дахь холбоотны цэргийн ерөнхий командлагч байжээ. А.В.Суворов 1799 онд Италийн дайнд Орос-Австрийн холбоотны армийг удирдан Адда, Требби, Нови Вершинд ялалт байгуулж гарамгай жанжны суу билиг нь улам тодорсон юм. 1799 оноос Швейцарьт очсон А.Суворов цэргийн урлагийн онолын ажил хийж, “Цэргийн хорооны байгуулалт”, “Ялалт байгуулах шинжлэх ухаан” зэрэг ном туурвисан.

Оросын 3 дахь Генералиссимус, Рымникийн домогт гүн, Италийн ван,
Оросын цэргийн гавьяаны бүх одонт, Австрийн фельдмаршал, хааны итгэлт жанжин А.В.Суворов 60 гаруй тулалдаанд оролцохдоо нэг ч удаа ялагдаж үзээгүй бөгөөд “Би ухрах тактик мэддэггүй” гэж хэлдэг байсан нь түүхэнд мөнхөрч үлдсэн юм. Оросын нэрт зураач В.И.Суриков суут жанжны тухай сэдвээр “Суворов Альпийг давсан нь” хэмээх алдарт бүтээлээ 1899 онд туурвисан билээ.

М.Кутузов, М.Барклей де Толли, В.Багратион зэрэг цэргийн алдарт жанжидыг сурган хүмүүжүүлсэн түүний дурсгалыг мөнхжүүлж 1942 онд ЗХУ-д Суворовын I, II, III зэргийн одон бий болгож, фронт, армийн операцийг амжилттай хэрэгжүүлсэн цэргийн дарга нарыг шагнах болсоны зэрэгцээ 1943 онд Суворовын нэрэмжит дунд сургууль байгуулсан юм.

Оросын ард түмний бахархал болсон эл алдарт жанжны шарил дээр илүү дутуу цол чимэггүй ердөө л ”Энд Суворов нойрсож байна” хэмээн бичсэн байдаг ажээ.


Sunday, July 26, 2009

Оддын зурхай бичигч


Огторгуйд орчигч одон гариг
Орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй
Огоорч авахыг мэдүүлэхийн тулд
Оддын зурхайг бичвэй би хэмээн “Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” номынхоо тахилын шүлэгт бичсэн Ламын гэгээн Лувсанданжанцангийн түмэн өлзий гийсний 370 жилийн ойд зориулсан даншиг наадам гурван хоног Баянхонгор аймагт болж байна. Өчигдөр дааганы уралдааны нь ТВ-9-өөр шууд дамжуулж байхыг үзлээ. Хонгор нутгийн түмэн олон ламын гэгээнийхээ ойг нижгэр тэмдэглэж байна аа. ТВ харж суугаад гэнэт энэ оны хавар Төв музейд зохион байгуулсан үзэсгэлэнгийн нээлтэн дээр нь очсоноо санаад “хар авдараа” ухлаа. Цөөн ч гэсэн хэдэн гэрэл зураг байна аа. Монголын бурханы шашны гурван зулын нэг гэж алдаршсан шашны нэрт зүтгэлтэн, оточ, зурхайч, эрдэмтэн энэ хүний ойг улс даяар тэмдэглэж байхад дуугүй сууж түвдсэнгүй ээ. Хэдэн зураг орууллаа.
Ум сайн амгалан болтугай.


Үзэсгэлэнгийн нээлтэн дээр хүрэлцэн ирсэн Бурханы олон шавь нар улаан шарыг тунаруулан их л хөхүүнээр патиараа татуулав.







Бадрал багшийн нээсэн "Чингис хааны өв соёл" хувийн музейн сан хөмрөгөөс









Нутгийн хилийн дээсийн тухай нэрс гэсэн байхаа!








Баянхонгор аймгийн түүх-угсаатны зүй, байгалийн түүхийн музейн үзмэр










Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байгаа Тарган дүрийн сүүдэр зураг энэ болой.

Saturday, July 25, 2009

Социалист нийгмийн “солгой” дуучин


Өчигдөр гэрийн маань нет тасарсны “буянаар” ОРТ сувгаар В.Высоцкийн дурсгалд зориулсан нэвтрүүлэг үзлээ. В.Высоцкий 1938 оны нэгдүгээр сарын 25-нд төрж 1980 оны долдугаар сарын 25-нд нас барсан юм байна. Тэрээр дөнгөж 42 насалсан хэдий ч Оросын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдсэн болохыг ТВ-ээр харлаа.

Түүний тухай надад анх ах маань хэлж өгсөнсөн. “Высоцкий гэж хэн юм бэ? Юугаараа тийм их алдартай хүн бэ?” гэсэн миний асуултад ах маань Социалист нийгмийн “солгой” дуучин гэсэн ганцхан өгүүлбэр хэлж билээ.

Хрущевын дулаарлын үе, Брежневийн зогсонги үе дэх Оросын ард түмний сэтгэлгээний дууч болж, социалист нийгмийн нийтийн дуунд "солгой" хоолойгоор гоцлон дуулж байсан яруу найрагч, жүжигчин, дуучин В.Высоцкийн тухай үүнээс илүү яаж тодорхойлох билээ.

Түүний дууг зөвхөн ЗХУ-д төдийгүй/одоогийн Орос оронд/ дэлхийн бусад олон оронд сонсдог ажээ. Тэр ч байтугай дэлхийн татах хүчнээс давж гаран сансар огторгуйн уудамд ч цууриатаж байсан гэнэ.

...Нөхөр чинь хэрвээ гэнэт
Нөхөр дайсан нь мэдэгдэхээ больчихвол
Сайн муугийн аль нь ч бүү мэд
Саарал өнгөтэй болчихвол
Тэглээ гээд ганцааранг нь бүү орхи
Түүнийгээ чи уул руу аваад авир
Нэгэн олсоор холбогдсон хойноо
Найз чинь тэнд хэн гэдгээ харуулна хэмээсэн дууг нь сансрын нисгэгч В.Коваленко, А.Иванченков хоёр сансрын хөлгөөс дамжуулан орчлонгийн уудамд цууриатуулж байсан тухай Оросын нэрт яруу найрагч Р.Рождественский дурссан нь бий.

Сонирхуулахад, А.Вампиловын нэрэмжит Эрхүү хотын Залуучуудын театрын ерөнхий зураач нь манай драмын театрын найруулагч Н.Болдод зориулан В.Высоцкийн хөргийг зурж бэлэглэсэн ажээ. Болд найруулагч манай нэг яруу найрагч Владимир Высоцкийн дууны шүлгийн түүвэр орчуулж байгааг сонсоод өнөө зургаа бэлэг болгон барьсан гэдэг. В.Высоцкийг шүтдэг, хүндэлдэг олон хүний сэтгэлийн илч шингэсэн тэр зураг нь одоо яруу найрагч Ж.Нэргүйн гэрийн хананд өлгөөтэй буй. Учир нь тэрээр В.Высоцкийн шүлгүүдийг орчуулан “Бухимдал” нэртэй ном 2005 онд хэвлүүлсэн хүн билээ. Түүний орчуулснаар “Би дургүй” хэмээх шүлгийн нь энэ удаа блогтоо “заллаа”.

Владимир Высоцкий

Би дургvй


Ёс юм шиг эцэслэлд би дургvй.
Ёрын амьдралаас хэзээ ч би залхахгvй.
Дуу шуу байхгvй л байх юм бол
Дєрвєн улирлын алинд нь ч би дургvй.

Увайгvй аашинд угаасаа би дургvй.
Улайран гайхах бvр ч дургvй.
Мєрєн дээгvvр минь єнгийж байгаад
Миний захиаг уншихад маш дургvй.

Хагас хугас юманд би дургvй.
Хайран яриаг таслахад минь дургvй.
Ар нуруунаас буудахад би дургvй.
Адилхан бас дургvй ээ, урдаас тулгаж буудахад.

Таавар болгож хов жив ярихыг vзэн яддаг.
Тээнэгэлзэл хийгээд хоёр vзvvртэй зvvг ч мєн адил.
Vс сєргvvлэн илэхэд би дургvй.
Vзvvртэй тємрєєр шил чахруулахад дургvй.

Цатгалан бардамналд би дургvй.
Цагаасаа ємнє татаж авах нь дээр.
“Нэр сvр”-ээ мартах нь гомдолтой.
Нэр хvндээрээ нvд хуурах нь ч гомдолтой.

Хугарсан жигvvр харах ч би дургvй.
Худлаагаасаа єрєвдєхгvй, тэгж л байг, хамаагvй.
Хvчирхийлэл хийгээд албадлагад бvр дургvй.
Харин цовдлогдсон Христийг л дэндvv єрєвдмєєр єє.

Єєрийгєє хулчгар зан гаргахад би дургvй.
Єрєєлийг буруугvй байхад зодохыг тэсэж чадахгvй.
Сэтгэл рvv минь єнгийхєд бvр дургvй.
Сэтгэл рvv минь нулмихад хамгийн их дургvй.

Дэвжээ хийгээд тайзанд би дургvй.
Тэнд чинь сая саяыг ганцхан рублиэр єгчихдєг юм.
Урд минь элдэв єєрчлєлт хvлээж л байг, хамаагvй.
Угаасаа тиймэрхvv юманд огтоос би дургvй.







Жич: В.Высоцкийн тоглосон "Место встречи изменить нельзя" киног Цэгмээгийн дараах блогоос үзэж болно шүү! http://oroskino.blogspot.com/

Saturday, July 18, 2009

“Шанзны эгшигнээс тасарсан дусал хар нулимс...”


Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Нямаа гуай 2007 онд “Нэгэн зууны даваан дээрээс нэхэн сурвалжлахын учир” гэсэн томоохон тэмдэглэл “Өдрийн сонин”-д нийтлүүлж билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, хувь заяаны тухай нэхэн сурвалжилсан уг тэмдэглэлийг их л шимтэн уншиж байснаа санаж байна. 2008 онд “Пагмадуламыг нэхэн сурвалжилсны үргэлжлэл” тэмдэглэлээ мөн л “Өдрийн сонин”-д нийтлүүлж байсан Д.Нямаа гуай хэдхэн хоногийн өмнө эрэл сурлаа нэгтгэн базаж ном болгон хэвлүүлжээ. “Их Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл” нэртэй номын дээжийг нь зохиолч, яруу найрагч Ц.Түмэнбаяр гайхуулан сонирхуулахын сацуу олж өгөхөөр амласан.

Д.Нацагдорж, Пагмадулам нарын Германд сурч байсан үеийг сонирхон материал цуглуулж байсны хувьд энэ ном миний анхаарлыг тун их татсан билээ. Их зохиолчийн гэргий Пагмадуламын ээдрээтэй амьдралын үүх түүхээс бага ч болов сонсож явсны хувьд энэ номын талаар дараа жич бичнээ.

...Пагмадулам хэмээх бүсгүйн дурсгалд зориулан яруу найрагч П.Бадарч гуайн бичсэн нэгэн шүлгийг уншихуй дор хүрээ хийцийн намбалаг ая дан сэтгэлийн минь утсыг тон хийлгэж, эр хонгор зүрхийг минь чис час хийлгэх нь юуных вэ?

П.Бадарч

Пагмадулам

Хайрлам сайхан залуу насандаа
Нацагдоржтой минь учирсан
Харуусаж барамгүй хайраа цуулж
Нацагдоржоос минь хагацсан
Шанзны эгшигнээс тасарсан
Дусал хар нулимс
Ханзны халуунд хавчуулагдсан
Ширхэг цагаан сувд

Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам

Галуутайн хөх нууранд цэнгээгүй
Азгүй цагаан хун чи
Гал шиг найргийн илчинд цэцэглээгүй
Эзгүй бор лянхуа чи
Мөхлийн хар урсгалд үйсэн
Халбагхан цагаан сүү чи
Мөнхийн ариун найрагт унасан
Балгахан хар ус чи

Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам

Гэргий нь болж Нацагдоржийнд суугаагүй
Гэмшивч барамгүй гэнэхэн хувь чинийх
Хожим нь өнөө ч дурсуулж явах
Ховорхон заяа ч бас чинийх
Аль алинд чинь адсага шиг аашилж
Алган дээр чинь алаг заяа тавьсан
Аргын тооллын тэр жил хэнийх вэ?

Аяахан хөөрхий
Амрагхан Пагмадулам

Алагхан зүрхэндээ
Ашид би чамайг
Хайрланам.
Харууснам.

Thursday, July 16, 2009

Гэгээн алсад одох юмсан...

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2008 оны 7 дугаар сарын 7-нд цахим ертөнцөд хөл тавьж билээ. Цахим иргэншил, шинэ ертөнцийн иргэн болохыг хүссэн миний бие дуу шуугиан багатай, даруухан байдлаар энэхүү блогоо нээсэн юмдаг. Нэг л мэдэхэд нэгэн жил улиран оджээ.

Цоо шинэ нийгэм, шинэ цаг үетэй хөл нийлүүлэн алхахыг хүссэн намайг Цэцэн туулай, Мика, Алтайн уулс, Оогийноо, Ганга, Ганаа зэрэг их багш нар алга, сэтгэлээ дэвсэн тосон авч, "хөлд ороход" минь туслаж билээ. Дараа нь Ш.Баатар,Т.Бум-Эрдэнэ, Галаа/Метро блогийн эзэн/, Цогбадрах/Миний ертөнц блогийн эзэн/зэрэг олон олон блог андууд "хэлд ороход" минь тусалсан ачийг яахин мартах билээ.

Дэнж хотойтол наадамлаж яваад блогийнхоо төрсөн өдрийг өнгөрөөсөн байна шүү дээ, би гэдэг хүн. "Оргүйгээс охинтой нь дээр" хэмээдэг. Газар газрын блог андуудтайгаа SORONZON блогийнхоо ойн баярыг тэмдэглэхийн хамт багш нартаа зориулан ая дууны мэндчилгээ дэвшүүлж байна.
Таалан соёрхоно уу!

Saturday, July 11, 2009

АВАРГА АА, намайг амлаач...


Ерэн таван оны наадмаар юм. Гурвын даваа эхлэх гээ л. Аваргууд засуулаа ганхууланхан эргэлдэж, цол гуншингаа дуудуулаа л.

-Баруун талын засуулууд сон...соо...д, бөх амлъя аа...
-Сонслоо...
-Бүрээн эрхт Бүгд Найрамдах Монгол Улсын үндэсний их баяр, ардын хувьс...гаалын түүхэн яруу алдарт далан дөрвөн жилийн ойн их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн зүүн талын тэргүүн магнайд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат далай, даян, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ манлай...
-Баярлалаа...
-Танай талын баруун жигүүрт байгаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат залуу бөх Болдбаатарыг амлан авч, уран мэхийг уралдуулан хийж, хүчийг үзэн барилдъя гэв ээ... л болов.

Яг энэ үеэр Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн гар утас руу хэн нэгэн залгалаа л гэнэ. Хөдөөнөөс, Чандманаас Засаг дарга нь ярьж байна л гэнэ.
“Хөөе, цаана чинь Бат-Эрдэнэ аварга манай сумаар овоглосон нэг залууг авчихлаа. Давааням заанаас өөр сумынхаа нэрийг дуудуулах хүн хаанаас гэнэт гараад ирэв ээ. Тэр Болдбаатар гэж хэнийхний хүүхэд вэ. Аваргыг “дөнгөх” нөхөр үү, үгүй юү, хэр “юм” байна” л болж.
Чухамдаа тэр “битүү” нөхөр нь Нямдорж тэргүүний ах, улсын засуул Р.Чойдоржийн хүү байсан бөлгөө.

Нэгэн насаараа наадмын зүлэг ногоон дэвжээнд бөх засч, “эр бор харцага”-уудыг мөрөн дээрээсээ гаргасан өвгөн засуул, наадмаар зодоглуутаа хоёр даваадахсан хүүгийнхээ хувь заяаг өөрийнхөө салхиар эргүүлж Баагий аваргад аминчилж хэлээд амлуулчихсан хэрэг. Аваргыг давчих байх гэж бодсондоо, аль эсвэл аваргад унаад үзэг гэхдээ тэгээгүй нь лав. Нэг бодол байсан л байж таараа.

...Мөнхүү дархан аварга Дарийн Дамдин агсан нэгэнтээ “Наадмын хоёрын даваа шувтрах үеэс “Аварга аа, маргааш өглөө эхлэх гурвын даваанд намайг амлаач” гэж оройжин дагаж гуйгаад салахгүй хүн надтай таарч байсан” хэмээн дурссан байдаг.

Бас нэгэнтээ Г.Өсөхбаяр аварга “Ахыгаа гурвын даваанд авчихаарай. Би унаад л өгнө. Хөдөөнөөс ирсэн хүн би хоёр давчихлаа. Гурвын даваанд нутаг усаа нэг сайхан цоллуулчихаад буцъя” гэж хүн хэлэх хэцүү юм билээ. Итгэхэд бэрх, итгэхгүй байх бүр ч бэрх” гэж дуугарсан удаатай.

Яагаад чухам гурвын давааг онцолно вэ. Яагаад чухам аваргыг онцолно вэ. Гурвын даваа цолны даваа биш. Тиймийн учир эв нь таараад аваргыг хазайлгачихвал... гэж бодох хэн байхав. Харин гурвын даваа цол дуудах, цолоо дуудуулах даваа бөлгөө. Энд л нэг тийм монгол үндэсний бөхөөс өөр спортод огтоос байдаггүй нандин гаргалгаа байгаад байгаа юм. Юу вэ тэр нь.

Наанадаж, төрийнхөө наадмаар хүчирхэг, жавхлант эрсийн сор манлай болсон аваргатай гар зөрүүлэх завшаан аавын хүү болгонд тохиодоггүйг бодолцдог нь ч бий л биз. Цаашлаад нутаг усныхаа нэрийг дөрвөн зүгт, тэнгэр газрын савслагаар нэг цуурайтууланхан дуудуулаатахъя гэж сэтгэх нь ч байдаг л биз.

Түүнээс бус угтаа аваргад унах, аваргыг унагах тухай бодох нь сонин биш ажгуу. Аваргад амлуулахын нарийн учир, нандин утга энэ. Мөнхүү төрж өссөн эх нутгаа, “дэлгэж тавьсан чулуун судар” дэвсгээ юу юунаас дээгүүрт боддог гагц монгол хүний нинжин халуун сэтгэл ч ханхлаад байгаа юм.

Аваргад “амлуулсан” бөхийн хувьд ийм ч, аваргад “амлуулсан” бөхийнхөө тухай нутаг нугаараа л нэг өмөөрөнхөн ярина даа, харин.

“Манай хэн ч муу бөх биш шүү, даан ч аварга амалчихлаа”, “Бараг л хаях шахсан шүү, цаадах нь аварга хүн тулдаа л давлаа”, “Энэ жил унаа л биз, ирэх жил аваргыг хаяна аа хө”, “Овоо шүү дээ, хэн маань. Ус нутгийнхаа нэрийг улс даяар цоллуулаад...”. Энэ мэт цавьдар яриа айлаас айл, хотноос хот дамжин эмээл дээр суунаглаж, ээмэг хөдөлгөн намжирхана. Наадам, наадмын амт улам орно.

Хожим нь аваргад “амлуулсан” эр “Тэр жил намайг аварга амлаагүй бол ч..., аваргатай таараагүй бол ч...” гэж ёстой бардам “ам хална”. Яадгийм. Монгол наадмын гурвын даваа гэж.

Жич: Энэ мэт дэлхийд ганцхан Монгол наадмын тухай өгүүлсэн олон сайхан уншууртай бичлэг, Агваансамдангийн Сүхбат аварга, гоц мэргэн харваач Цэвээний Хүдэрчулууныг амилуулсан цаасан бар буюу уран хайчилбар, энэ жилийн наадмын өнгийг тодорхойлж мэдэх гурван Ган буюу улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Ганбат нарын тухай тэмдэглэлийг дараах блогоос уншиж танилцана уу.

http://www.badrangui.blogspot.com/

Та бүхэн "морьд эргэсэн наадмын дурдан тоосоор дээлээ гоёж" сайхан наадаарай.

Monday, July 6, 2009

Зээбадын домог


Гандан хийдээс авахуулаад Богд хааны өвлийн ордон, Дашчойлин хийдийн дааман хаалга тэргүүтний үүдэнд ийм дүрс байх нь олонтаа. Зээбад хэмээн нэрлэх эл дүрсийг монголын эртний уран барилгын чимэглэлд өргөнөөр ашиглаж ирсэн байдаг. Учрыг нь магадлаж, улбааг нь хөөвөл сонирхолтой үүх түүх, домог хууч яриа хөвөрнө.

Энэ нь Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн эзэн лусын хааны толгойн дүрс хэмээнэ. Их хаан умард Хятадад дайтаж яваад нэгэн өдөр шар далайн эрэг дээр амарч байх зуур лусын эзэн хаан уснаас цухуйн гарч ирээд,
-Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна. Харин ганцхан миний далайг л хэзээ ч эзэлж чадахгүй гэж хэлээд далд орж гэнэ.

Тэр цагаас хойш их далайн эзнийг “Зээ бад” хэмээн нэрлэж түүний толгойн дүрийг өвөг дээдэс маань бишрэн шүтэж тэр амьтнаар орд харш, дуган сүмийнхээ үүдийг мануулдаг болсны дээр хөөрөгнийхөө хоёр бөөрөнд Зээбадын толгойн дүрсийг сийлбэрлэдэг болсон гэдэг домогтой.

Thursday, July 2, 2009

Дэнж хотойлгосон монгол наадам айсуй

"Эрүүл явбал улсын наадам үзнэ" гэж их зохиолч Нацагдорж юутай үнэн хэлээ вэ.
Эрхий мэргэн харваачид нь онч цэцээ шалгаж, эр чадалтай бөхчүүд нь дэнж хотойтол барилдаж, хурдан хүлгүүдийн тоос Хүй долоон худгийг бүрхээд, хуушуур сурагласан наадамчид Төв цэнгэлдэхийг "гороолдог" монгол наадам айсуй. Хурай, хурай, хурай...

Эрүүл явбал улсын наадмыг үзнэ

Жил бүрийн долоон сард
Зуны улирал найртай сайхан
Зүйл бүрийн бодис дэлгэрээд
Зугаацан наадахад тааламжтай

Богд уулсын бэл доор
Туул голын хөвөөн дээр
Төвшин сайхан буянт ухаад
Туйлын сайхан наадам болно

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын
Бүх энх ард нь цуглараад
Бөх наадмаар сонирхолдон
Бүжиг хөгжмөөр баясалдан

Шинэ эрээн майхнуудаа
Шил талаар жагсаан шаагаад
Шилдэг сонгодог морьдоо
Шавхран уяж засна

Хүүхэд багачуудын гийнгоолох дуу
Хөндий талд яруу сайхан
Хүн бүхний сэтгэл хөдлөөд
Хурдан морины ирэхийг хүлээнэ

Таван хошуу малуудаан
Талбар ухаагаар бүрхээгээд
Дөрвөн зүгийн ард түмэн
Тус бүр учралдан хөгжилдөнө

Эрх чөлөөгөө олсон ардууд
Эрийн гурван наадмыг үйлдэнэ
Эрүүл энх байвал,
Үүнд жил бүр цэнгэлдэнэ

Ард бүхэн баясан найрлаж,
Айраг цагаагаан ууна
Алив өвчнөөс сэргийлбэл,
Ийнхүү найрлан баясна.
1935 он