Tuesday, March 31, 2009

Ичиг Ичиг


Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзөри нар ичиг

Аяа бас, өдөр хийдэд, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг,
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг

Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөрөө цалгардагч номч нар ичиг
Аяа бас, эрхтэн дутуу гэлэнгүүд ичиг
Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг

Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас ганцаар би ичиг
Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун! Ай хөөрхийнүүд минь ээ!

Говийн догшин ноён хутагт
Дулдуйтын Данзанравжаа

Жич: Ноён хутагтын энэ шүлгийг яг одоо уншин суугаа тэр хүнд зориулав. Хэнд хаяглан илгээснийг минь уншин суугаа тэр эрхэм өөрөө мэдэж байгаа!

Sunday, March 29, 2009

ТҮҮХ хүүрнэх дүнзэн байшин


/Н.К.Рерих Улаанбаатарт. 1926-1927 он/

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт орших “Отгонтэнгэр” их сургуулийн чанх ар талд хуучны нэгэн дүнзэн байшин бий. Нэг давхар энэ дүнзэн байшин нийслэлийн маань түүхэнд онцгой дурсгалтай. Тодруулж хэлбэл энэ байшинд Оросын аугаа их уран зураач, нэрт соён гэгээрүүлэгч Н.К.Рерих 1926-1927 онд амьдарч байжээ. 1926 оны 9 сараас 1927 оны 5 сар хүртэл Монголд байх хугацаандаа энэ дүнзэн байшинд амьдарч байсан нэрт эрдэмтэн маань Төв Азийн нутгаар хийсэн алдарт аялалын бэлтгэлээ эндээс эхэлсэн түүхтэй.

Бараг 100 гаруй жилийн настай эл байшин түүх хүүрнэдэгсэн бол мөн ч ихийг өгүүлнэ дээ. Өдрөөс өдөрт өндөр өндөр байшин уралдан босож байгаа энэ цагт чухам ямар азаар бүрэн бүтэн үлдэж чадсаныг нь таахын аргагүй. Харин энэ байшинг “нээж” олсон гавьяатан нь академич Ш.Бира ажээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө өөрийн багш Ю.Н.Рерихийн бичсэн “Дундад Азийн зөргөөр” хэмээх номыг уншиж суугаад алдарт эрдэмтэн Н.К.Рерих урд талд нь зогсч байгаа модон байшингийн зураг олж үзсэн аж. Хуучны эл дүнзэн байшин бүрэн бүтэн үлдэж хоцорсон гэдэгт төдийлөн итгэлтэй бус ч гэлээ эрж хайсаар олж харсан тэр мөчид Ш.Бира доктор магнай хагартлаа баярласан гэдэг. Тэрбээр эцэг хүү Рерихийн намтрын хуудсанд тод мөрөө үлдээсэн түүхэн дурсгалтай уг модон байшинг авран авч үлдэхийн тулд Олон улсын монгол судлалын холбоо, Монголын Рерихийн нийгэмлэгийн нэрийн өмнөөс Улаанбаатар хотын Захиргаанд хамгаалаалтад авах тухай хүсэлт тавьжээ. Өвгөн эрдэмтний буянтай үйлс сэтгэлчлэн бүтэж уг байшинг Улаанбаатар хотын соёлын дурсгалд бүртгэн авч Монголын Рерихийн нийгэмлэгийн мэдэлд шилжүүлсэн байна. Тус нийгэмлэг аав хүү Рерихийн шинжлэх ухаан, уран бүтээлийн өвийг судлах, олон нийтийн дунд тэдний хүмүүнлэгийн хийгээд соёлын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажил өрнүүлэхийн тулд эл дүнзэн байшинг сэргээн засварлаж гэр музей байгуулах зорилготой байгаа ажээ.

Түүхэн дурсгалт эл байшингийн сэргээн засварлах ажлыг удирдаж байгаа зураач, барималч Д.Батдоржтой уулзаж ярилцсан юм.

-Энэ хэдэн онд баригдсан байшин бэ?
-Баригдсан он цагийн хувьд яг тогтоож хэлэхэд хэцүү. ХХ зууны эхээр Хүрээнд баригдсан цөөн тооны орос хийцийн байшингуудын нэг. Цонхны янз хүрээ, хээ чимэглэл, барьсан хийц маяг зэргийг харахад Эрхүүгийн загвар юм билээ. Бид Эрхүүгийн эртний дүнзэн байшингуудын зурагтай альбом олж харьцуулж үзээд тэгж тогтоосон.
-Суурь сайтай юмаа?
-Харин тийм. Олзуурхууштай хэрэг шүү. Байшингийн урд хэсэг ерөнхийдөө гайгүй. Харин хойд хэсгээрээ ялзарч өмхөрсөн юм билээ. Олон жилийн туршид голцуу орос айлууд амьдарч байсан гэдэг. Сүүлдээ ч айл амьтан суухаа больж нураахдаа тулаад байсан юм билээ.
-Энэ байшинд эртний гэж хэлэхээр сонин содон зүйл үлдэж үү?
-Байнаа. Хадаас нь гэхэд л дөрвөлжин хийцийн хадаас байна лээ. Байшингийн хойд хэсгийн өмхөрч муудсан дүнз моднуудыг буулгахад дан тийм хадааснууд гарч байна. Бас босоо пийшин, пийшингийнх нь хаалт аргагүй л хуучны эд байна лээ.
-Хэдэн сард сэргээн засварлаж дуусгах төлөвлөгөөтэй вэ?
-Зургадугаар сар гэхэд дуусгаж хүлээлгэж өгөх ёстой.

Н.Рерихийн байшинг сэргээн засварлах төслийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байгаа америкийн иргэн, бурханы шашин судлаач Глеен Муллинтай уулзсан юм.
-Өнгөрсөн жил болсон Рерихийн нэрэмжит олон улсын симпозиум дээр академич Ш.Биратай танилцсан. Ш.Бира доктор Рерихийн амьдарч байсан модон байшинг олж хамгаалалтад авсан нь тун олзуурхууштай буянтай үйлс болсон. Тээрээр надад хандаж энэ дүнзэн байшинг сэргээн засварлаж, гэр музей байгуулах бодлоо ярьсан нь таалагдсан. Энэ сайхан үйлсийг нь туслаж дэмжье гэж бодоод гадаад дотоодын буянтай олон байгууллагад хандаж туслалцаа дэмжлэг хүссэн маань үр дүнд хүрч байна. Ботаникийн хүрээлэн, ХААДС зэрэг байгууллагууд цэцэрлэг зүлэгжүүлэлтийн ажлыг үнэгүй хийж өгье гэж дэмжиж байна. Одоо энэ сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэж байгаа барилгын компани бүх ажлаа хойшлуулж байгаад энэ ажилд маань туслаж байна. Бид 6 дугаар сард сэргээн засварлаж дуусгаад Рерихийн гэр музейн нээлтээ хийнэ. Бидний алсын зорилго Рерихийн уран зургийн гайхамшигтай цуглуулгын дээжсээс авчирч монголын олон нийтэд үзүүлж сонирхуулах бодолтой. Тэр үед гадаад дотоодын жуулчид, Рерихийг сонирхон судлагч, шүтэн бишрэгч олон энэ байшин руу тасралтгүй цувах болно гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: http://www.roerichmongolia.org/

Thursday, March 26, 2009

“ХҮҮХЭН хүний АРАНШИН”


-Ааваа, би царай муутай юм уу?
-Юууууу? Хэн тэгж байна?
-Бөртэгийн эмээ намайг царай муутай, ааш муутай, аавыгаа дууриасан гэж байна лээ.
-Ааан, тийм үү! Миний газар дээрх ганц сайхан гүнжийг юу гэнэ гэнээ? Би тэр эмээд нь үзүүлээд өгнөө, гайгүй ээ.
-Аав аа, би царай муутай биш, тийм ээ?
-Тэгэлгүй яах юм бэ? Охин минь чи, миний газар дээрх ганц хайртай хүн шүү дээ. Тэгэхээр яаж царай муутай байх юм бэ? Би энэ хорвоод ганц чамд л хайртай шүү дээ, охин минь.
-Тэгвэл чи ээжид хайртай юу?
-Ммм, хайртай байлгүй яах вэ, за хоёулаа хурдхан явъя. Хоцрох нь байна шүү, миний охион!

Энэ бол өнөө өглөө болсон аав охин хоёрын харилцан ярианы гол сэдэв. Миний хамгийн дуртай ажил бол өглөө болгон охиноо хөтлөөд цэцэрлэг рүү нь явах. Энэ хорвоод амьд яваагийн минь учир утга, сайн сайхан бүхний минь эхлэл болсон охиноо хөтлөөд явахаас илүү жаргал гэж байдаг юм уу? Магадгүй, энэ бол миний жаргалтай амьдралын эхлэл байх аа? Нэгэн бяцхан ертөнц гараас минь атгаад намайг энэ хорвоогийн хамгийн хүчтэй, хамгийн чадалтай, хамгийн, хамгийн, хамгийн... бүхний эхлэл гэж бодож явах нь гайхамшиг биш гэж үү? Би чинь охиндоо бурхан шүү дээ!!!

...Аав охин хоёр замдаа хууч хөөрсөөр цэцэрлэг дээрээ ирлээ. Энд тэндгүй уйлж дуулсан “живхтэй” Бурхад. Еэ, базарвааний хумпад.
Охин маань хуучин цэрэг гэсэндээ юу ч болоогүй юм шиг хувцсаа сольж эхлэв. Би ч дагаж уйлж зовоогоогүй охиндоо баярлан /дотроо сэм залбиран/ хувцсыг нь сольж эхэллээ.

Муу аав нь яахав дээ, хувцсыг солих гэж нусаа татан ухнатаж байтал охин маань гэнэт,
-Чи яагаад байгаа юм бэ? гэдэг байгаа. Эцэг хүний төрөлхийн зөнгөөр “юу болов, яаав ийв” гээд ийш тийш харлаа. Хажууд нэг муу нус нь унжсан бацаан, над шиг ухнатсан бас нэг ааваас өөр хүн алга аа. Би ч гайхлаа. Охиныхоо өмдийг солиод, улавчийг нь өмсгөж байтал гүнж минь дахиад л,
-Яагаад байгаа юм бэ? гэх нь тэр шүү.

Юу вэ, өнөө муу нус нь гарч ирж хацар дээр нь горхи болон урсаж байгаа бацаан, үдээсийг нь үдэх гэж шуухтниж байгаа аав бид хэдээс нь өөр хүнгүй үед хэн миний охиныг өдөөд байна вэ, “Алив босоод ир, үзэлцье” гэтэл бид хэдээс өөр хүн даанч алга даа, харамсалтай нь...

Би гайхаад охин руугаа харлаа. Гэтэл харин манай хүний нүд нь гялалзаж байдаг байна шүү. Ээ, Бурхан минь, миний охин юу сэтгэсэн юм бол доо? Тэр бандийг харж байгаа охины минь харц нэг л биш ээ...
Би эргэлзэж гайхаад асуулаа.
-Миний охион, энэ хүүхдийг хэн гэдэг юм бэ?
-Эрдэнээ.
-Аан, Танай ангийн хүүхэд юм уу?
-Тийм, шинээр ирсэн юм.
-Аан, миний охин тэгээд танилцсан юм уу?
-Аав аа, Эрдэнээ сайн хүүхэд шүү.
-За тэгвэл их яриатай даа, хө.

...Бурхан минь ээ, та хаана байна аа? Миний дөрөвхөн настай охнны зүрх сэтгэлд ямар гээчийн гал асааж орхиод яваад өгөв өө?

Уг нь мөрөөрөө гутлаа өмсөх гээд зогсож байсан нөгөө банди өөрийн эрхгүй миний охиныг анзаарч эхэллээ дээ. “Сум байндаа тусчээ, янз нь”. Охин маань ч онилсон сумаа байнд нь зоосныг мэдэрсэн мэргэн буудагчийн янзтай ялан дийлсэн харцаар харж байна шүү, wow...

Зүгээр л мөрөөрөө зогсож байхад нь байн байн өдөж хоргоогоод байхаар өнөө нусгай бандийн анхаарал миний муу шар гүнж дээр “туслаа даа”, хөөрхий...
-Аминаа, хоёулаа ангидаа хамт орох уу?
-Аан хаан, хи хи .../ хоёр хүүхэд маань хөтлөлцөөд дээшээ анги руугаа гүйлээ, хоёр аавын ам хагас ангайстай, шүлс шалан дээр, нүд таазан дээр, тэнгэр газар байраа солин эргэлдээд л, эргэлдээд л.../
Уолт Дисней компанийн хийсэн хүүхэлдэйн кинон дээр голцуу эмэгчин амьтад нь л эхэлж өдөөд, хоргоогоод, сээтэндээд, сэртэндээд байдагсан. Хүүхэн хүний араншин гэж тэр юм болов уу? Эсвэл “Бемби” кинон дээр гардагчилан хаврын өвчин эхэлж байгаа нь тэр юм болов уу?
Нээрээ маргаашаас хаврын дунд сар эхэлж байгаа юм байна шүү дээ...

Sunday, March 22, 2009

Сансрын орлон нисэгч


Өнөөдөр монгол хүн сансарт ниссэн түүхэн баярт өдөр. Одоогоос 28 жилийн тэртээ сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар “Союз-39” хөлгөөр сансарт нисч монгол түмэн найман настай балчраас наян настай буурал хүртэл баясан цэнгэлийн манлай эдлэж байсан билээ.
Хүн бүхэн сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзаж гар барих, зураг хөргөө татуулах гэж хошуурч, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан үе бий. Одоо ч гэсэн монголчууд маань хөгшин залуугүй сансрын ганц нисэгчээ хүндлэн дээдлэж сүйд болдог. Би харин яагаад ч юм бэ сансрын орлон нисэгч байсан М.Ганзориг гуайтай уулзахыг тун их хүсч байж билээ. Магадгүй энэ нь давсан бөхөө бахдахын зэрэгцээ унасныг нь өрөвддөг, түмний эхээс гадна баян ходоод болсоныг нь өхөөрдөн дэмждэг монгол сэтгэлгээтэй минь холбоотой байж мэдэх юм. Монгол хүн сансарт ниссэнээс хойш олон жилийн дараа, тодруулбал М.Ганзориг гуайг ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн захирал болсноос нь хойш танилцах аз тохиож билээ.

Уулзаж ярилцахад уриалгахан зантай тэрээр сонирхолтой олон зүйлийн тухай хуучласан бөгөөд тэр болгоныг энд оруулахаас түдгэлзлээ. Харин сонирхуулахад мань эр сансрын сэдэвтэй тэмдгээс гадна наклейка/наалт цаас/ цуглуулдаг тухайгаа ярьж гадаадад болсон хуралд оролцоод ирснээ хуучлан тус хурлын эмблемтэй наклейка хоёр ширхэгийг бэлэглэж билээ. Сейфэн дээрээ маш олон тийм наклейка наажээ. Элдэв хурал зөвлөгөөн, симпозиум, тэмдэглэлт ой, дурсгалт баяр, түүхэн газруудын зурагтай, элдэв өнгө будаг, дизайнтай тэдгээр цаас нь бас л нэг хөөрхөн донжтой хобби юм гээч. Тэгээд надад сонин болгож сейфээ онгойлгон үзүүлвэл дотор талд нь Горбатко, Ляхов, Жанибеков нарын гарын үсгийг фломастераар зуруулсан харагдана.
-Би энэ сейфэндээ их хайртай. Хүнд өгдөггүй юм. Хаа явсан газраа л аваад явдаг. Монголд надаас өөр хэнд ийм ховор сонин дурсгалтай эд байх вэ дээ, тийм үү? гээд инээж билээ. Мөн гадаадын олон орноос ирсэн захидал үзүүлсэн. Голцуу л зураг, гарын үсгээ явуулаач гэсэн хүсэлт ирдэг аж. Зарим нь бүр буцах зардал болох нэг долларыг нь хүртэл хийгээд ирүүлдэг гэнэ.

Дараа нь миний хүссэний дагуу манай орон сансраас хэрхэн харагддаг болохыг төвийнхөө лабораторид оруулж компьютер дээр үзүүлэв. Сансраас Хэнтийн гурван гол, Улаанбаатар хот түүний дотроос Сүхбаатарын хөшөө, нэгдүгээр цахилгаан станц хэрхэн харагддаг болохыг онцлон сонирхуулсан. Намайг явахад өөрийнхөө бичиж хэвлүүлсэн “Марташгүй долоо хоног” номынхоо дотор нүүрэнд дурсгалын үг бичээд бэлэглэж билээ.

Өчигдөр МН-25 ТВ-ийн “Би” нэвтрүүлгээр Гүррагчаа баатрын ярихыг сонсвол, түүний долоо хоног сансарт нисч гүйцэтгэсэн ажлын үр дүнг Ганзориг гуай гурван жил судлан шинжилж тайланг нь гаргасан гэнэ.
Яг адилхан нислэгийн программаар дасгал сургууль хамтран хийж зэрэг бэлтгэгдээд хамгийн сүүлчийн торгон мөчид “чи орлон нисэгчээр газарт үлдэж ажиллах болно” гэсэн тушаал сонсоод Ганзориг гуайн сэтгэл санаа ямар болсон болоо гэж би байн байн бодож сууна.
Мань эр уг нь мэдлэг боловсрол, бэлтгэл сургууль юм юмаараа Гүррагчаа баатраас илүү гарна уу гэхээс биш дутахааргүй хүн байсан гэдэг. Гэвч “малчин ардын хүүхдийг сансарт нисгэнэ” гэсэн тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны бодлого шийдвэр энэ хүний хувь заяанд нөлөөлж, азын тэнгэр нүүрээ буруулсан гэх юм билээ. Үнэн худлыг хэн мэдлээ, бусдаас дуулж сонсож байсан маань л энэ.

Ямар ч байсан сансрын 101 дэх иргэн монгол хүн болж, сансрын уудамд хүнээ илгээсэн 10 дахь улс болж байсан бахархам түүхтэй билээ бид. Тиймээс энэ сайхан түүхэн өдөр Ж.Гүррагчаа баатартаа баярын мэнд хүргэхийн хамт сансрын орлон нисэгчээр ажиллаж хатуу хүндийг хамт үүрэлцсэн М.Ганзориг танд чин сэтгэлийн угаас баярын мэндчилгээ илгээж байна.
Монгол хүн сансарт ниссэн энэ баярт өдрийн алдар хүндийг хуваалцах хүний нэг нь гарцаа байхгүй Та билээ.

Thursday, March 19, 2009

Суваргаар манасан нутгийн хил


Бурхан болооч Гэвш лам Ш.Чулуунбаатар тээр жил доорх түүхийг ярьсан нь тэмдэглэлийн дэвтэрт минь бичээстэй хоцорчээ.

-Гүйеэ хө, энэ хүний ухаан гэж мөн айхтар юмаа. Би чамд нэг сонин юм ярья. Чам шиг элдвийг сонирхож явдаг хүнд хэрэг болж юун магад.
Шашны дээд сургуулийн анхны төгсөгч гэдгийг маань чи мэднэ. 1970 онд Бурханы шашныг “мандан бадруулах, түгээн дэлгэрүүлэх” үйлсэд хүчин зүтгэхээр 12 монгол, 6 буриад залуу шавь болж сахил хүртэж байлаа шүү дээ.
Ном сурах оюуны сав нь л байдаг юм бол багш нар маань ланжгар улсууд байсан шүү. Данзан-Одсэр ламтан, өнөө “уулын” гэж алдаршсан зурхайч Жамц гуай, цагийн сайханд Гандан хийд түмэн шавьтай түжигнэж байхад “Анги” гэж алдаршсан Лхамаажав гэвш, 1937 онд Гандан хийдийг дахин сэргээлцсэн Дагважанцан гавж, Өмнөговийн Балдорж гэвш нар лам талаасаа, за харын талаасаа бол Ринчен доктор, Ц.Дамдинсүрэн гуай, Лувсанвандан, Хөдөөгийн Пэрлээ тэргүүтэй аваргууд бас тэр үед ид мандан цойлж байсан Чой.Лувсанжав, Нацагдорж, Дамдин, Нямсүрэн гэхчлэн англи хэлний арслангууд хичээл заадаг байлаа шүү дээ. Биднийг бас чиг гайгүй номтой лам нар болгоод төгсгөх санаатай багш нар маань мөн ч их хичээсэн дээ. Алшаа Дандар Лхарамбын айлдсанчлан “…усны чулуу тосны гүзээ” шиг мань мэт нь харин дэндүү бага зүйл сурсан байж мэднэ.

Бидэнтэй хамт сурч төгссөн буриад лам Галсан/нэрийг нь өөрчлөв/ гэж бий л дээ. Уншлага сайтай, номдоо сүрхий, сүүлд нутагтаа очоод том лам болсон хүн л дээ. Тээр жил мань эрийн урилгаар би нутагт нь очиж хэд хоног амарсан юм. Манай хүн чинь нутгийн зон олондоо нэр хүндтэй, аа бас лут байна аа. Бага залуу насаа дурсан хууч хөөрч, дайлуулж цайлуулан харжигнаж, хажуугаар нь бас хурал номд нь сууж сайхан явсаан. Харин тэгж явахад би нэг л зүйлийг гайхсан шүү. Мань эр элдэв өвчин зовлон ярьж, аврал эрсэн хүмүүст юм л бол буяны суварга босго гэж айлдаад байх юм. Тэгээд бүүр хаана хаана босгох газрыг нь хүртэл зааж өгөх юмаа. Би ч нэлээд хэд хоног ажиглалаа. Тэгээд сонирхоод асуулаа даа.

-Чи энэ их олон суварга босгож яах нь вэ? Сүүлийн үед манай нутагт хүртэл замбараагаа алдсан суварга босгох боллоо. Ямар ч юм хирээсээ хэтэрвэл дэмий болдог шүү дээ, хө гэвэл мань хүн жоготой инээж,
-Чука ламтан тэгж бодож байна уу? Тоо хэмжээ нь хэтийдсэн ямар ч зүйл дэмий байдгийг мэдэлгүй яахав ээ. Гэхдээ би үүнийг бүүр бодлогоор босгуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай буриад зоны хил хязгаар улам хумигдаж, төвөөс/Москвагаас/ элдэв хавчилт ил далд хэлбэрээр их ирэх болсон. Яваандаа Буриад Монголын нутаг дэвсгэр гэж бүүр байхгүй ч болж мэдэх юм. Гэхдээ ямар ч юм эргэж хөрвөж байдаг шүү дээ. Одоо хэдий их гүрний буулган доор хүчин мөхөсдөвч ирээдүйн нэгэн цагт Буриад Монгол гэж дахиад сэргэн мандах ч юм билүү? Тэр цагт бид хил хязгаараа хаагуур байсныг нэгэн зүйлээр ч болов нотлох хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас би элэнц хуланцын үе, эрт дээр цагаас буриад зоны нутаглаж ирсэн түүхт хил хязгаарын заагаар суварга босгоод байгаа юм шүү дээ гэдэг байгаа. Аа бас лут байгаа биз?

“Могойг гурав таславч хорхойноос урт” гэж хуучны үг бий. Эзэн Чингисийн үеэс нутаглаж ирсэн гал голомтон дээрээ байгаа бид нар гэдсэндээ хөлөө хийлцэн нанчилдаж байхад их Оросод идүүлээд дуусч байгаа буриад зон минь тийм айхтар холын бодолтой байна шүү дээ.
“Сайн гэвшийг нүдээ нэгэн агшин анивчихад 3000 ертөнц арга билэгтэйгээ эргэлддэг” гэсэн үгтэй юм. Үсэрсэн цус, тасарсан махны минь хэлтэрхий болсон зиндаа нэгтэй нөхөр маань тийм л их холыг харж бясалгаж сууна шүү дээ, ямрав? Гэтэл бид нар…

Sunday, March 8, 2009

Эх үрс хамтдаа Элэг бүтэн жаргаг!


Миний шүтээн болсон ижий, хань, энхрий бяцхан охиндоо болон Монголын бүх сайхан ээжүүд, бүсгүйчүүд, охидод баярын мэнд хүргэе!
Энэ хорвоогийн бүхий л эх үрс холдон салахын зовлон үзэлгүй хамтдаа байж, элэг бүтэн жаргахын ерөөл өргөж байна.

Thursday, March 5, 2009

“Хорвоод ганцхан ЭЭЖДЭЭ”


“Анхаараарай. Улаанбаатараас Сөүл орох зорчигчид ачаа тээшээ бүртгүүлнэ үү!” гэх дуунаар ижий минь өндөлзөн “Миний хүү, одоо хоцрох нь байна шүү” гэв. БНСУ-д ажиллаж, суралцаж байгаа дүү нар дээр минь өвөлжихөөр явах гэж байгаа ижийгээ гаргаж өгөхөөр онгоцны буудалд ирсэн би хэрэндээ л сандарч байлаа. Ганцаархнаа явж байгаа настан буурал ижийгээ амьтан хүнд захих санаатай буудлын заалаар нэг гүйлээ дээ. Зүс таних хүн тааралдах байгаа гэж дотроо горьдон хүн хүний царай харж яваад нэг харвал ижий минь ачаа бараагаа сандал дээр орхиод өндөр нуруутай залуутай тээр хол ярьж зогсоно. Би ч сандраад хар гүйхээрээ ирж чемодан савыг нь аваад тэр хоёр дээр очлоо. Гэтэл ижий маань аминдаа надад тус болох санаатай Сөүл нисэх хүн сураглаж, хань бараа хайж байсан юмсанж. Тэнэг үр нь тэр сайхан сэтгэлийг нь яаж мэдэх вэ дээ. Бухимдсандаа болоод “Би таныг хаашаа ч хөдлөлгүй ачаагаа хараад энд сууж бай гэсэн биз дээ? Гэтэл хамаг юмаа хаяад таньж мэдэхгүй хүнтэй яриад явж байх юм. Юмны гай гэж хэцүү шүү дээ. Яг нисэхийн даваан дээр хамаг юмаа алдвал яана. Энэ түмэн хүний дунд та бид хоёр ганц чемоданаа алдчихвал яах юм бэ? Гар хоосон нисэх болно шүү дээ” гээд л урсгаж өглөө. Намайг ингэж цамнаж байх зуур ижий минь дув дуугүй сонсоод сууж байснаа “Миний хүү битгий бухимдаж цухалд аа” гэдэг байна шүү. Хэлэх үг ч олдсонгүй.

Гурван хүү төрүүлж өсгөснөөс сүүлийн хэдхэн жилийн дотор ойр ойрхон хоёр хүүгээ алдаж ганц надтайгаа үлдсэн ижий минь надад амиа тавьна. Газар дээр ганц үлдсэн хүүдээ янз бүрийн муу зүйл тохиолдох вий гэж бодохоор сэтгэл зүрх нь шаналдаг бололтой юм. “Ууж идлээ, наргиж цэнгэлээ” гэдгийг минь сонсоод хичнээн ч шөнө нойргүй хоносныг нь хэн мэдэх вэ дээ? “Миний хүү, чи битгий архи уугаач! Ээж нь чамайг согтуу явна гэж сонсохоор айгаад байх юм. Чи элэг зүрх муутай хүн. Ууж идэж яваад энд тэнд ойчоод өгвөл эргэж босохгүй шүү дээ. Ээжээ битгий тэгж зовоогоорой” гэхэд нь ”Та дэмий юманд санаа зовж суух юм. Би яах ч үгүй” гэхээс өөр олигтой тайлбар хэлж сүү шиг сайхан сэтгэлийг нь засч аргадаж чаддаггүй би мөн ч тэнэг хүн шүү.

Үймж бужигнасан олны дундаас хүүгээ нүдээр хайж зогсоо ижийгээ хараад тэгэхэд нэг их өрөвдөж билээ. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн ная дөхөж байгаа миний муу ижий чихэр шоколад, амттанаар дүүргэсэн цүнх саваа бариад олны дунд учраа олохгүй зогсохыг би анх удаа харж байгаа минь тэр. Урьд өмнө нь хэд хэдэн удаа нисэхдээ сайн дүүгийн буянд ачаа тээш, бичиг баримтаа бусдаар янзлуулаад, тусгай өрөөнд тухлан, улаан дарс шимсэн шиг үдүүлж байсан ижий маань энэ удаа ёстой сандарсан байх аа. Ижий минь гаалийн үзлэгээр ороод цааш шалганы бүсэд орсон хойноо ч эргэн эргэн харсаар байж билээ. Урьд нь хэзээ ч тэгж байгаагүй болохоор би ч айчихлаа. Юуны өмнө муу л юм бодлоо. “Ижий минь яагаад тэгж их эргэн эргэн харав аа? Юу зөгнөж ёрлосон юм бол доо” гэж бодоод орой нь Сөүл рүү залгаж дүү нартайгаа ярьлаа. Хамгийн түрүүнд л “Ээж сайн явж хүрэв үү?” гэвэл “”Дажгүй явж ирлээ. Сая тосож аваад явж байна” гэхээр нь “би ярья” л гэлээ.

-За, ээж минь сайн явж хүрэв үү? Замдаа ядрав уу?
-Сайн явж ирлээ. Ядарсангүй ээ.
-За яамай даа. Та яагаад онгоцны буудал дээр намайг эргэн эргэн хараад байсан бэ? Би ч бүр санаа зовлоо шүү дээ.
-Ээж нь хүүгээ яагаад алга болчихов? Ижийгээ онгоцонд оруулж өгөхгүй байсан юм байх даа гэж бодоод...
-Ээ, ээж минь дээ. Тэр чинь хориотой бүс. Юу гэж хүүг нь тийшээ оруулах вэ дээ. Харин ч би амьтан хүн гуйж байж таныг гаалийн бүс өнгөртөл гаргаж өгсөн. Тэрнээс чинь цаашаа намайг оруулдаггүй юм шүү дээ.
-Аан. Ээж нь харин хүүгээ онгоцонд оруулж өгөх байх гэж бодоод л хайгаад хараад байсан юм гэдэг байгаа. Ээж минь дээ, ээж минь...
Би таньдаа эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Далай ламын тарни шившлэгтэй эрдэнийн үрэл, ариун Гангын рашаан сэлтийг илгээж чадсангүй ээ. Хүүгээ өршөөгөөрэй.
Харин таньдаа нэгэн сайхан дууны шүлэг хэрхэн бүтсэн түүхийг сурвалжлан бичиж илгээлээ. Мянга мянган уул усны цаана суугаа ижийдээ барих бэлэг минь болог. Бас миний адил ижийгээ санаж суугаа хонгорхон үрс нь энэ сайхан дууны түүхийг уншиж, сэтгэлээ зөөллөн элгээ дэвтээх болтугай!

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны “Хорвоод ганцхан ээждээ” хэмээх нэгэн сайхан дуу бий. Ээждээ хайртай хүн бүрийн сүлд дуу болон түгсэн энэ дуу хэрхэн бүтсэн түүхийг сонсохоор яруу найрагчийг зорьсон юм. Янжинлхамын хишигт яруу найрагчийн хуучилсан нь:

“Хорвоод ганцхан ээждээ” дууг 1983 онд зохиосон. Дуу зохиох болсон түүх бол Чинзоригтой хамаатай юм. Чинжиг бид хоёр хоёулаа Булган аймгийн Могод сумын улсууд. Нэг аймгийн, нэг сумын улс гэдгээ хожуу мэдсэн л дээ. Чинзориг бол айлын ганц хүү. Нэг эгчтэй. Чинзоригийн ээж нь одоо ч амьд байгаа шүү дээ. Өндөр настай хүн бий. Ээж нь тэр эгчтэй нь байгаа.
Ээжийг нь би таньдаг, тэдний манай хоёр нэг байшинд амьдардаг байсан юм. Ээж нь киноны дугуй хайрцаганд улаан тамхи хийчихээд ороож татдаг хүн л дээ. Миний ээж бас тэгж улаан тамхи татдаг хүн байсан. Чинзоригийн ээж тэгж тамхи татдаг нь миний ээжтэй их адилхан харагдана. Тэгэхэд миний ээж бурхан болчихсон байсан л даа. Ээж минь бурхны оронд очсон учраас амьд сэрүүнд нь хүндэлж асарч байх минь яав даа гэж их харамсдаг байлаа. Харин Чинзориг бол ээж нь байгаа болохоор над шиг тэгж ээжийгээ
гэхгүй байхгүй юу. Би тэгээд бодсон л доо. “Чинзоригт дууны үг бичиж өгье. Хүн ээжийгээ хайрлах ёстой. Бид адилхан залуу улс шүлэг уншаад л наана цааныг бодохгүй залуу нас явж байна. Ийм дууны үг бичвэл нэг юм бодох байх” гэж бодсон юм. Тэгээд энэ дууныхаа үгийг бичсэн. Тэр үед бичгийн машин, компьютер энэ тэр гэж байхгүй, гараараа сараачаад л огчихсон. Мань эр пиджакныхаа хармаанд хийгээд л алга болсон. Тэгээд сургуульд яваад өглөө. Хойтон жил нь ирээд хэлж байнаа. “Би нөгөө дуунд чинь ая хийчихсэн. Манай Шавардолоовсогын /Свердловск хот/ сүлд дуу болсон шүү дээ, таны дуу” гэдэг юм байна.

“Нэгэнт ая хийсэн юм бол энэ дууг Зохиолчдын хорооны яруу найргийн секцээр батлуулья. Тамга даруулаад радиогийн алтан фондод өгье” гэж бодоод тамга даруулж аваад радиогийн алтан фондод аваачиж өгтөл аваагүй. Т.Чимэддорж гуай тэгэхэд радиогийн хөгжмийн редакцын дарга байсан юм. “Нас тогтох сайхан” гээд л олон гоё дуу хийсэн хүн шүү дээ. Чухам яагаад аваагүйн учрыг мэдээгүй. Тэр үед дууны шалгуур их
өндөр байсан л даа.
Дараа нь энэ дуу ард түмний дунд дуулагдсаар байгаад л радиогийн алтан фондод орсон доо. Эхлээд Свердловскийн оюутнууд дуулаад, дараа нь хүмүүс дуулаад, сүүлд нь Төмөрхуяг авч дуулаад. Төмөрхуяг сүүлд хэдэн хийлчидтэй хамт дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн юм билээ. Төмөрхуяг өөрийнхөө концертийг бичүүлэх гэж л бичүүлсэн болохоос би зохиогчийн хувьд бичүүлээгүй. Чинзориг ч бичүүлээгүй. Радиогийн алтан фондод орсон түүх нь тийм.

Энэ дуутай холбоотой бас нэг сонирхолтой түүх байдаг юм. Манай нэг дүү Шаамарын тракторын курст сурч байгаад зодоон нүдээнд холбогдоод шийтгүүлвээ. Тэр дүү маань бурхан болсон л доо, зайлуул. Шоронд нэг жил суудаг юм байнаа. Хэцүү нэртээс гарч ирсний дараахан нь бас тэндээс гарч ирсэн улс танимгайрхаад манайхаар ирдэг байлаа. Тэгэхэд тэр хүмүүсийн тэмдэглэлийн дэвтэр дээр миний энэ дууны
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ гэдэг хоёр мөр байх юм. Тэд “Өө, та зохиосон юм уу? Нарсанд байгаа улсын олонхийнх нь тэмдэглэлийн дэвтэрт таны энэ дууны шүлэг байдаг юм шүү дээ” гэж надад хэлж байсан. Тэгэхэд л би миний энэ дуу, энэ бадаг нь хүмүүст их хүрсэн юм байна даа гэж бодож байсан. Түүх нь гэвэл ийм.