Saturday, January 30, 2010

“Зүсийг чинь шатааж, зүрхийг чинь иднэ”



Сүүлийн үед бараг уулзсан хүн бүрийн ярианаас нэгэн зүйлийг анзаарах боллоо. Энэ нь зөвхөн миний таньж мэдэх хүмүүсийн хүрээнд гэхэд бөө, удган, зайран шинээр мэндлэх болсон сонин үзэгдэл юм. Таньдаг мэддэг хүмүүстэйгээ үг сольж үзвэл бас л миний ажигласан зүйлийг анзаарчээ. Ах дүү амраг саднаас нь бөө, удган болоогүй, эсвэл түшээ /бөөгийн хэлмэрч/ болоогүй айл өрх үлдсэн юм уу гэж эргэлзмээр... Нэн ялангуяа энэ нь Хөвсгөл аймгаас гаралтай иргэдийн дунд бүр их хүчээ авсан байх ажээ.

Баримт 1. Удган Н.Насан:
-Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын харьяат. Одоо нас 47-той. 12-25 насны дөрвөн хүүхдийн эх. ТМС төгссөн тусгай дунд боловсролтой. Урьд өмнө нь цэргийн ангид диспетчер зэрэг хар бор ажил хийж явсан нэгэн. 2000 оноос амьдрал ахуй нь өөдлөхгүй өвчин зовлон ээрээд байхаар нь мэддэг чаддаг, мэргэн түргэн гэх баахан улсаар явжээ. Төдий л засралыг олохгүй байтал Хөвсгөлийн Мөнхөө удган үзээд “Язгуураас чинь ивээсэн олон үеийн догшид онгодоо нэхээд байна. Уриа дуудлагыг нь үргэлжлүүлэн сэргээж удган болвол амьдрал чинь дээшлэнэ” гэж айлджээ. Тэр цагаас хойш аав ээж, ах дүүгээсээ асууж сурсаар удам хөөвөл дөрөв дэх үеийн удган гэдгээ гэнэт мэдсэн гэх. Иймд гэр бүлээрээ хэлэлцэн ярилцаад удган болохоор шийдэж бүх зан үйлийг нь гүйцэтгэн 2002 оноос бөөлөх болсон аж. Гурван жил явган, хувцасаа өмсөөд гурван жил бөөлсний эцэст өнгөрсөн жилээс жинхэлсэн тэрээр онгод нь ирсэн үед юу ярьж, ямар үйл хийснээ мэддэггүй гэнэ. Түүний бөөлөхийг харсан хүмүүсийн яриагаар бол онгод нь сархдад нэн дуртай настай эмэгтэй хүн байдаг бөгөөд “буурай ээж нь” гэх үг байнга гардаг гэнэ. Сүүлийн үед түүн дээр зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн агаад ханийн, үрийн заяа гуйх, эр нөхрөө архинаас гаргаж өгөхийг хүссэн эмэгтэйчүүдийн хөл тасрахаа байсан ажээ...

Бөөгийн шашин нь шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэлтэй ба МЭӨ 209 онд Модун шаньюй Хүннү улсыг мандуулсан үед бөөгийн мөргөл нийгэмд тодорхой байр суурь эзлэх болсон төдийгүй Хүннү гүрний төрийн үзэл суртал нь бөө мөргөл байв. Бөө мөргөлийн хөгжлийн дараагийн үе шат нь МЭ II зууныг хүртэл үргэлжилж, эзэн тэнгэр, гурван ертөнц, сүнс сүлдний тухай ойлголтууд болон зан үйлийн тал нь сонгодог хэлбэрээ олжээ.

XIII зууны үеийн Монголчууд тэнгэр-эцэг, газар-эхэд бишрэн шүтэж, “Мөнх тэнгэрийн хүчээр оршин амьдарч, энэ тэнгэрийн доор оршигч газар орон иргэдийг эзлэн захирч байна” гэж ухаарч байсан тул төрийн бодлого үйл ажиллагаанд нь бөөгийн мөргөл томоохон үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ тухай “Монголын нууц товчоо” зохиолд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг билээ. XY-XYII зууны үед бурханы шашинд байр сууриа алдаж, XX зууны эхэн болоход хэсэг бусаг, орон нутгийн шинжтэй шүтлэгийн үлдэгдэл болон хувирсан байна. 1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө, удган бүртгэгдэж байсан тухай мэдээ бий.


Баримт 2. ДУДС-ийн уран дархны ангийн багш, дархан Д.Энхдаваагийн яриа:
-Би бас гайхаад л суугаа юм. Сүүлийн хэдэн жил бөөгийн толь хийж өгөөч гэсэн захиалга их ирэх болсон. Элдэв хараал зүхэл, онгодын халдлагаас бөөг хамгаалах хэрэгсэл нь толь болон явдаг гэсэн эртний шүтлэгтэй юм байна л даа. Зайран, удган нар толийг бас мэргэ төлгөнд ашигладаг гэнэ билээ. Хүрэл, гуулиар л голчлон хийлгэдэг юм. Хийх арга нь бас их учир жанцантай эд билээ. Онгод сахиуснаасаа шалтгаалаад элдэв амьтны дүрс сийлүүлдэг юм. Орж ирж байгаа захиалгаас харахад Улаанбаатарын гудамж болгон нэг бөөтэй болсон юм биш үү? Тэр ч байтугай сүүлийн үед урлаг соёлын одууд, манай зураач урчуудаас хүртэл ийм захиалга ирээд байх болсон. Харин нэг нэгнээсээ түүнийгээ их нууцалдаг нь сонин шүү гэж гайхан сууна.

1930-аад оноос хойш Монгол нутагт бөөлөхийг бүрэн хориглож ард түмнийг мухар сүсгийн замд уруу татлаа хэмээн чанд хатуу харгалзах болсноос нуугдмал байдалд шилжсэн бөгөөд харин 1990 оны ардчилсан хувьсгалаар дахин сэргэжээ. Анхандаа удам дамжсан онгоноо нууцаар тахин шүтэж ирсэн цөөн тоотой хэдхэн хүний үр хүүхэд л онгод тэнгэрээ шүтэж уул ус, лус савдагаа тахиж байв. Харин зах зээлд шилжих тусам бөө мөргөл унаган төрхөө гээж, мөнгө олох хэрэгсэл болж хувирсан нь нууц биш. Сүүлдээ бүүр удам дамжаагүй байсан ч мөнгөтэй л бол хэнийг ч хамаагүй бөө болгон “тодруулдаг” хачин үзэгдэл газар авах хандлагатай. Саяхан л дунд сургуулийн багш, төрөх газрын сувилагч, ардын армийн офицер, автын инженер байсан хүмүүс нэг нартай өдөр бөө, зайран удганаар “тодрон”,
Ар бие минь даарч явна
Өвөр бие минь өлсөж явна
Зам хотлоор чинь хүлээе
Зүрхний халуун цусыг чинь соръё!
Сээрийг чинь сэглэе
Сэмжийг чинь дэлгэе
Бөөрийг чинь бөгтөрье
Бөлдгийг чинь сугалъя!
гэж амнаасаа цагаан хөөс сахруулан цамнаж байхыг үзээд та хэрхэхсэн бол?

Баримт 3. “Мөнх амь” цуглааны пастор Ч.Баярмаагийн яриа:
-Увсын хотон, Хөвсгөлийн дархад, Дорнодын барга гээд Монгол нутгийн зах хязгаар нутагт амьдран байгаа хүмүүс дээр очиж Ертөнцийн Эзний тухай сайн мэдээг түгээн, авралын зар тарааж явахад “бөө мөргөл хүчээ авлаа” гэсэн яриа олонтаа сонссон. Тэгээд бас хүмүүсийн ярианаас ажиж байхад голцуу “Танай гэр бүлээс нэг хүнд гай зовлон учрах гээд байна. Тэдэн төгрөг өгвөл бөө, зайран болгож өгье, авралдаа багтаая” гэж хэлдэг гэнэ. Тийм хар муу ёрын үг сонссон хүмүүс чинь сэтгэл санааны шоконд ордог юм байна л даа. Тэгээд ам бүлийнхээ нэг гишүүнийг гайтуулахгүй гэсэндээ байдагаа барьж гүйнэ биз дээ? Эхлээд яг дээрх шиг санал тавьж байсан бөө сүүлдээ мөнгөнийхөө тоог нэмж, өгөхгүй бол голомтоор чинь сүйрүүлнэ, “зүсийг чинь шатааж, зүрхийг чинь иднэ” гэж дарамтлах болсон тухай манай цуглаанд шинээр ирсэн хүн ярьж байсан. Хэдийгээр би Xристийг шүтдэг ч гэсэн гол төлөв хэн нэгний захиалгаар хараал жатга хийх асман бөө нар арав таван цаас олохын төлөө амьтны толгой эргүүлдэг болоо юу даа гэж харамсдаг юм.

Интернет хурдацтай хөгжиж, нано технологи хүчээ авч байгаа даяарчлагдсан нийгэмд өвөг дээдсийн минь шүтэж ирсэн эртний түүхт шашин сэргэн мандаж байгаа нь сайшаалтай ч аливаа зүйл хэрээсээ хэтэрвэл хор болдог билээ. Хөх Монголын нутагт “хулхи” бөө олширсноор онгон тэнгэрийн нэр хүндийг унагаж байна. Хатуухан хэлбэл бөөгийн шашныг “өмчилсөн” цөөн тоотой хүмүүсийн цэвэр бизнес явж байна. Хүмүүсийн сэтгэхүйгээр тоглон, өвчин зовлон дээр нь дөрөөлж баяжих гэсэн хүйтэн цэвдэг сэтгэлтэй зарим нэг башир аргатнууд XXI зууны Монголын өрх бүрт бөө, удган, зайран төрүүлэхээр санаархаж байна. Уг нь нэн эрт цагаас угшилтай бөөгийн шашин анх үүсэхдээ ард түмнийхээ амьдралыг мөнх тэнгэртээ даатган,
Алгын чинээ оронд нь
Айх аюулгүй болгож хайрла
Адуу малд нь гарах гарзгүй болгож хайрла
Хүний есөн хүслийг гүйцээж хайрла
Бий бүх цагаан тэнгэр
Хан аав хатан ээжүүд өршөөж хайрла
Хүний үйлс явдлыг цөм бүтээж хайрла!
гэж залбирч байсан сайхан уламжлал түүхтэй билээ л...

Хөх Монголын нутагт хэтийдсэн хулхи бөө нарыг хэрхэхээ
МӨНХ ТЭНГЭР мэдтүгэй!

Saturday, January 16, 2010

Улсыг мандуулагч их баатар жанжин


Шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст
Богд хааны зарлиг


Орос жанжин генерал Барон болбоос бидний Монголын өөрийн
эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн
зүтгэсэн гавьяа бүхий хүмүүн мөн.

Түүний бие анх цэрэг авч ирснээс янагш хүйтэн жихүүнд
халирших үгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслаасан үгүй,
эцэстэлээ зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний
газрыг байлдан авч гавъяаг бүтээсэн ба шан, хорыг тэгшлэн
цэргийн цаазыг явуулсныг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой.

Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж генерал Баронд үе
улиран ханы зэргэ, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз,
улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отго, Улсыг
мандуулагч их баатар жанжин цол шагнавай.

Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун.
Иймийн тул шар торгоны өргөмжлөл дур эрдэнэ дарж олговой.

Олноо өргөгдсөний Арван нэгдүгээр он


Орчуулагчийн хавсралт оруулга:

1. Эх бичмэлийн толгойд алхан хээ хүрээтэй, голд нь “Мутрын тэмдэг” гэсэн монгол бичээстэй, 2.2 см орчим голчтой дугуй тэмдэг даржээ. Дардасны бэх-улаан
2. Эрдэнэ гэж төрийн тамганы хүндэтгэлийн нэр

Эх сурвалж: Н.Н.Князев “Домогт Барон”
Орчуулсан Ж.Нэргүй

Зургийн тайлбар:
Оросын зураач Ф.А.Москвитин “Монголыг өмгөөлөгч барон Унгерн” http://www.zavtra.ru/cgi/veil/data/zavtra/09/832/81.html

Monday, January 11, 2010

Сэтгэлийн уяа

Самые классные гифы на giftube.ru!

“Нэгэн биений минь нөгөө тал
Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр” болсон манай хүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Охин бид хоёр өглөө босмогц орондоо байхад нь happy birthday to you! дуулж өгсөн. Бас охин маань гэгээн хайрын захиа бичиж өгөв. “Сайн байна уу? Хайртай ээж минь, би таньдаа хайртай шүү. LOVE” гэсэн үгийг зүрхэн дотор бичээд өгсөн гэж байгаа...
Тэгээд пицца хийж өгөв. /нэг гэм нь өөрөөр нь хийлгэсэн л дээ, ккк./ “Сэтгэлээрээ ирсэн шүү” гэж байгаад охин бид хоёр өнөөх пиццанаас нь цохиж өгсөн дөө, хөөрхий.

Өдөр ирсэн зочдын өгсөн бэлгийг охин маань үүдэн дээрээс тосон авч, барьж зугтсаныг эс тооцвол төрсөн өдрийн баяр сайхан болж байна аа. Орой бас зочид ирэх ёстой. Тэр болтол “их нь ичиж, бага нь уйлах” гээч л болохгүй бол төрсөн өдрийн баяр сайхан болж өндөрлөнө гэдэгт итгэж байна.

“Сайн морь явдлын хань
Сайн эхнэр насны хань” гэдэг. “Хорвоогийн 6 тэрбум хүний дотроос онцлон сонгож, олж ханилсан ханьдаа хязгааргүй хайртай шүү” гээд ая дууны мэнд дэвшүүлье ээ.

Жич: Миний төлөө пулемётны ам цээжээрээ таглаж чадах сайн хань томилон илгээсэн БУРХАН гуай таньд бас чин сэтгэлээсээ баярлалаа. Та шүү!

Saturday, January 9, 2010

БАРОНЫ АЛТ ачиж явсан “хар тэрэг”


1920 оны наймдугаар сарын 20-нд Барон Унгерн Агшаад ирсэн ажээ. Тэрээр энд ирэхдээ Монгол руу хийх аян дайны зардалд зориулан атаман Семеновын өгсөн 360 мянган /зарим тооцоогоор/ алтан рубль авчирсан ажээ.

Энэ тухай Азийн морин дивизийн штабын дарга байсан хурандаа М.Г.Торновский “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ” номдоо дурьдсан байдгийг иш татвал:
“...Дагуураас Унгерны дивизийн сүүлчийн хэсэг болох 100 хөсөг тэрэг дэд хурандаа Сипайловын удирдлагаар хөдөлжээ. Ачаа хөсгийг нэг хятад зуут, япон морьт суман болон комендантын командын нэг тасаг хамгаалан явсан байна. Түүнчлэн энэ цуваанд 300 мянган алтан рубль ачсан “хар тэрэг” явж байлаа. Замд гараад долоо хоносны дараа хятад зуутын дотор нэг л биш болоод байгаа тухай уг зуутын дарга дэслэгч Гущин дэд хурандаа Сипайловт мэдэгджээ. Хятад зуут бослого гаргаж “хар тэрэг”-ийг булаан авах санаа сэдсэнийг тэрбээр сэжиглэсэн юмсанж. Сипайлов ч тэр даруй таван офицерыг дуудан ирүүлж, харанхуй болмогц “хар тэрэг”-ийг аваад хөсгөөсөө түрүүлэн Агшаагийн чиглэлд яаравчлан гарахыг тушаажээ. Япон морьт суман болон комендантын тасаг тэр шөнө бэлэн байдалд хонов. Нээрээ л яах аргагүй үүрийн өмнөхөн хятад морьт сумангийнхан дэслэгч Гущины амийг хороогоод “хар тэрэг”-ийг эрж эхлэтэл хамгаалалтынхан өөдөөс нь гал нээсэн байна. Гэвч хятадууд эсэргүүцэн тулалдсангүй, шууд л мориндоо мордон, үүрийн харанхуй дундуур өргөн талын уудам руу давхилдан алга болжээ. “Хар тэрэг” Токмаковын эдлэн дээр гол хүчээ хүлээж байгаад үндсэн хөсөгтэйгээ нийлсэн бөгөөд хамгаалж явсан офицеруудад сүүлд нь генерал Унгерн их өндөр шагнал өгсөн байна”

Орчуулагчийн тодруулга: Уг “хар тэрэг” гэгч нь байж болох хамгийн өндөр магадлалтай тэрэг эдүгээ УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт өмчлөгдөж байгаа бөгөөд тэрбээр Дорнод аймгийн Булган сумаас олж авсан байна.

Уг тэрэг дөрвөн дугуйтай, урд тэнхлэг нь кругтэй, гурван рессортой, үүнээс нэг нь хөндлөн, хойд тэнхлэг нь хоёр рессортой, нийтдээ 5 рессортой, сүүлийн үеийн зарим машинуудынх шиг үл хамаарах тэнхлэгтэй учир ямар ч огцом эргэлтэд онхолдохгүй, дугуйны төмөр мөөрний зузаан хоёр см, хажуу дээр нь “г.Тула-1903” гэсэн сийлмэл дардастай, мөхлөг нь давхар банзан ханатай, ханын банзнуудыг товруу хадаасаар маш нямбай бэхэлсэн. Мөхлөгний шувуу нуруутай дээврийг сүүлд хийсэн нь илэрхий мэдэгддэг. Зургаан морь хөллөдөг байсан нэг голтой арал нь алдагдсан. Бат бөх, дөрвөлжин хийцийн тэнхлэгийн хэмжээ болон бусад эд ангиар нь тооцоолж үзэхэд шаварт шигдэхгүй л бол лавтайяа таван тонн ачаа даах магадлалтай.

Монголоос олдсон өөр ийм тэрэгний тухай мэдээ байхгүй. Түүхчид, цэргийн мэргэжилтнүүд болон буриад өвгөчүүлд энэ тэрэгий олон янзын зургийг үзүүлэхэд ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байна. Хүнд даацын ийм тэргийг “зугтаж гарсан” цагаантнууд авч явах ямар ч шаардлага байгаагүй нь ойлгомжтой.

Дугар мээрэнгийн отрядад явж байсан гэх хэд хэдэн хүний сураг 1960-1970-аад оны дундуур одоогийн Булган суманд /хуучнаар Сэцэн хан аймгийн Саруул гүний хошуу/ гарч байсан бөгөөд Дугар мээрэн /”Цоохор” хэмээх/-гийн эхнэрийн төрхөм одоогийн Булган суманд нутаглаж байсан юм.

Орчуулагч Ж.Нэргүй

Эх сурвалж: Н.Н.Князев-Домогт барон

Monday, January 4, 2010

Барон Унгерны тухай шинэ ном


Өчигдөр энэ номыг бэлгэнд авлаа. Шинэ оны анхны бэлэг маань ном байсан нь сайхан хэрэг шүү. Өнгөрсөн жил М.Г.Торновскийн “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ”, Сергей Есенины “Сонгомол шүлгүүд” зэрэг ном орчуулж Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номоо 3 дахь удаагаа хэвлүүлсэн Ж.Нэргүй ах маань Барон Унгерны тухай дахиад л нэг шинэ ном орчуулж гаргасан нь энэ. Мань эр бароны тухай орчуулсаар бараг л Унгерн судлаач болж байгаа бололтой. Бас болоогүй, кино зохиол хүртэл бичсэн гэж байгаа. Их эр ээ. Намайг ганц ном гаргах гэж дуншиж суухад нэг жилийн дотор 3 ном орчуулаад хэвлүүлчихдэг сүйхээтэй хүн шүү. Бас хажуугаар нь хэд хэдэн сайхан хөрөг нийтлэлүүд бичиж сонин хэвлэлд гаргасан байна лээ. Яаж энэ бүхнийг амжуулаад байдаг юм, бүү мэд. Бурхан түүнд урт нас хайрлах болтугай!

Барон Унгерны тухай өгүүлсэн энэ номын зохиогч Н.Н.Князев 1921 оны эхээр Азийн морин дивизэд элсэж, нэгэн үе дэслэгч цолтойгоор Комендантын командын сөрөх тагнуулын даргаар ажиллаж байсан хүн ажээ. “...Танд толилуулж буй Н.Н.Князевийн “Домогт барон” хэмээх энэхүү дурсамжийн номыг өмнө нь цорын ганц удаа 1942 онд Харбин хотноо тухайн үеийн Манжийн эзэн хаант улс дахь Оросын цагаач нарын хэрэг эрхлэх Ерөнхий газраас эрхлэн хэвлүүлсэн байдаг. Энэ номыг Орост бараг мэдэхгүй бөгөөд, ямартай ч гэсэн Цагаан хөдөлгөөн, Иргэний дайн болон Монголын үйл явдлуудын талаархи номуудын аль ч жагсаалтад байдаггүй юм. Харин Харбинд хэвлэгдсэн номуудын жагсаалтад гарсныг /Соловъева, 2003/ саяхан олж үзлээ. Тиймээс ч ихээхэн ховор номын тоонд ордог агаад гадаадын хэдхэн номын сангаас гадна манай улсын хэмжээгээр бол ганцхан ширхэг буюу Хабаровскийн хязгаарын Улсын архивийн Харбины санд хадгалагдаж байна” хэмээн ОХУ-ын түүхийн ухааны доктор, Унгерн судлаач С.Л.Кузьмин номын өмнөтгөлд бичжээ.

“1920-1921 оны Монгол дахь үйл явдлуудыг тодруулахад Унгерн-Штернбергийн шууд захиргаанд явсан хүмүүсийн амьд дурсамж хамгийн чухал. Тиймээс ч өчүүхэн орчуулагч миний бие “мэдээ тэмдээгээр бичсэн” зарим нэг номыг биш, яг дэргэд нь явсан хүмүүсийнхийг барьж авсан минь энэ” хэмээн Ж.Нэргүй ах уг номыг яагаад орчуулах болсон шалтгаанаа тодорхойлсон байх юм.

За, оршил дууслаа. Одоо номоо унших минь. Гүйлгээд харахад сонирхолтой зүйлс олон харагдана билээ. Зарим сонирхолтой хэсгийг нь дараа блог дээрээ тавих болно оо. Гүйцээ.