Monday, May 31, 2010

Үржнээ зураачийн өнгөлөг маркууд


Энэ миний хамгийн хайртай маркуудын нэг. Учир нь бага байхдаа задгай мөнгө цуглуулж байгаад худалдаж авсан, миний цуглуулгын анхдагч болсон маркуудын нэг учраас надад үнэ цэнтэй, дурсгалтай байдаг юм.

Би хүүхэд байхаасаа марк цуглуулсан. Марк цуглуулдаг хобби маань аливаа зүйлд нягт нямбай хандах, зорьсон зүйлийнхээ хойноос тууштай, цөхрөлтгүй зүтгэх зан чанар надад бага ч гэсэн суулгаж өгсөн болов уу гэж одоо боддог. Жирийн нэгэн марк цуглуулагчаас судлаачийн эгнээнд “дэвшин дээшилж”, “Монгол маркийн түүх” ном бүтээхэд минь маркийн зураач Тодын Отгонбаяр, Монголын марк сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ж.Бадарч нар туслаж дэмжиж байсан ачийг яахин мартах билээ.

Мөн маркийн холбоонд гишүүнээр элсэхэд анхны татварыг минь төлж өгсөн бурхан болооч Баатар ахынхаа ачийг заавал дурьдах ёстой. Ах маань өөрөө марк цуглуулагч нэгэн байсан. Хүүхэд насны хүслээ гүйцээж, монгол маркийн иж бүрэн цуглуулгатай болох мөрөөдлөө биелүүлж чадаагүйдээ харамсаж явдаг байсан болов уу. Тийм ч учраас намайг гараас минь хөтлөн Маркийн холбоон дээр дагуулж очсон байх


Миний цуглуулгад байгаа монгол маркуудын ихэнх нь ахаас минь надад дамжиж ирсэн. Ахын маань маркийн цуглуулгад энэ сери марк бүрнээрээ байсан нь азтай хэрэг шүү. Төрийн шагналт зураач Я.Үржнээгийн зурсан зургаар 1966 онд хэвлэн гаргасан энэхүү цуврал маркийг хүүхдийн баярт зориулан блогтоо “заллаа”.



Дөч гаруй жилийн тэртээх Хүүхдийн өдрийн өнгө төрхийг хадгалж,
түүхэн баримт болон үлдсэн эдгээр маркуудыг үзэх тоолондоо “Үржнээ зураачийн өнгөлөг маркууд” хэмээн бахархахын зэрэгцээ,
“Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм”...






Tuesday, May 18, 2010

Энэ ханзыг уншиж өгч тус болно уу!


Энэ юу гэсэн утгатай ханз юм бол оо? Мэдэх хүн байвал тайлан уншиж тус болно уу. Надад нэг таамаг бий боловч өөрийн бодолд эргэлзээд байна. Энэ ханзыг тайлан уншиж чадвал түүхийн нэгэн баримтыг баталгаажуулж, сонин дүгнэлт хийж болох мэт...

Saturday, May 15, 2010

МОД ТАРЬСУГАЙ


Ойрхны нэгэн толгодын боорьд айлын өвөлжөө харагдаж байна. Энд шороон шуурга их болсноос айл нь өөр нутаг руу нүүсэн гэх юм. Уг нь тэр айл энд тохитой төвхнөх бодолтой байсан нь нурсан шавар хашаа, саравч, байшингийн үлдэгдэл зэргээс харагдаж байна. Тэр айл энэ нутгийн нөхцөл байдалд зохицож чадаагүй юу, аль нутгаа зохисгүйгээр эдлээ юу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Эсвэл энэ нутгийн байгаль орчин өөрөө аяндаа өөрчлөгдөн хувирсан байж болох юм. Айлд ойрхон нэг нуур байсан нь одоо бараг ширгэж дуусаж байна. Бас толгойн ар ойгоор хайлаас ургаж байсны үлдэгдэл үзэгдэнэ. Хүн байгаль орчинд хатуу ширүүн хайр гамгүй хандсанаас нутгийн нүүр царай өөрчлөгдөх явдал их бий.

“Америкийн Нэгдсэн Улс дахь пионеруудын эрин шороон шуурганд мөхлөө” гэдэг гарчигтай алдарт өгүүллийг “Норс Чайна Стар” сэтгүүлээс уншлаа. Энэ өгүүлэлд Дотоод хэргийн яамны усжуулалтын хэлтсийн эрхлэгчийн хэлсэн үгийг оруулжээ. Тэрээр элсэн шуурга, ган гачиг олширсноос газар тариалан доройтсоныг баримтаар дурдаад, хэрвээ мод, ургамал тариалж хөрсний эвдрэлийг зогсоохгүй юм бол байгалийн сүйрэл нөмрөн ирэх нь зайлшгүй гэж онцлон сэрэмжлүүлжээ. Ерөнхийлөгч Рузвельт, газар тариалангийн сайд Уоллес нарын авч явуулсан арга хэмжээ хойшлуулшгүй, цагаа олсон явдал болов. Нутаг орны цаг уурын болон байгалийн бусад нөхцөл нэг хүний насанд өөрчлөгдөн хувирсныг ажиглаж болно. Байгальд зүй зохисгүй хатуу ширүүн хандсанаас үүссэн доройтлыг засах хэцүү, бараг боломжгүй. Тийм учраас хөрсөө хамгаалахын тулд мод, ургамал тариалах нь чухал. Өчигдөрхөн хөрсний дээж авч байхдаа “Хөрсийг судлах, харьцуулах нь чухал юм байна” гэж бодлоо. Хөрс төдийгүй тэндхийн шавьжийг судлах хэрэгтэй. Байгальд хэрэгтэй, хортой олон янзын шавьж байдаг. Гэсэн ч энэ бүхнээс гадна байгаль орчны хатуу ширүүн нөхцөлд олон зуун жилээр дасан зохицсон ургамлын үрийг олж тариалбал нэн сайн.

Монголын их тал, манхант говь хоёрын зааг орчмын байгалийн сонин тогтолцооноос ашигтай зүйл олныг олж болно. Говь болон Такла-Макалын цөлөөс элсэн шуурга эрчлэн босоход эдгээр нутгийн тэртэй тэргүй хожуу цухуйдаг өвс ургамал тэсэхгүй нь дээ гэж сэтгэл зовмоор байдаг. Гэтэл нөхцөл байдал хэдийгээр хэцүү бэрх байсан ч гэсэн ургадаг өвс нь ургаад л байдаг шүү. Тийм ургамал хэдийгээр тачирхан ч гэсэн шим тэжээл ихтэй байдаг. Түүнийг идсэн адуу мал дорхноо тэвээрэн таргалдаг. Ганд тийм тэсвэртэй өвслөг бутлаг ургамлын төрөл зүйл тийм ч олон бус. Олон зуун жилийн шалгарлын үр дүн мөн. Байгаль цаг уурын нөхцлөөр багахан ялгаатай Манжуурт тийм тэсвэртэй ургамлын 800 орчим төрөл зүйл байхад Монголын тал нутагт 300-гаадхан байх жишээтэй. Гэвч хэргийн гол учир үүнд байгаа юм биш. Харин тоогоор олон биш ч гэсэн шим тэжээл сайтай, элдэв зохисгүй нөхцөлд тэсвэртэй ургамал байх нь чухал. Тийм ургамал хөрс бэхжүүлэх, малын сайн тэжээл болох хоёр талын ач холбогдолтой.

Манжуурт ургамлын төрөл зүйл олон байдаг тухай ийм нэг домог хэлэлцдэг: “Ертөнц бүтэх үед бүх нутаг оронд ургамал, амьтныг бурхан тараахдаа Манжуурыг мартчихсан байж гэнэ. Мартагдсан Манжуурын тухай сануулахад Бурхан: “Тулам дотроо үлдсэн бүхнийг тийш нь асгачих” гэжээ. Тиймээс Манжуур нутаг ургамал, амьтны аймгаар баян болсон гэдэг. Тэнд гандуу дулаан орны ч, хүйтэн сэрүүн орны ч ургамлууд холилдон ургасан байдаг нь сонин. Эхлээд Каспи орчмын хязгаарт, дараа нь Манжуурт газар зохион байгуулах талаар их ажил хийсэн генерал Хорват энэ домгийг надад ярьсан юм. Генерал мод тариалах талаар ихээхэн туршлага хуримтлуулсан хүн байлаа. Түркестанд төмөр зам тавих үед элсний нүүдлийг зогсоох шаардлага тулгарчээ. Өвс болон бутлаг ургамал төдийгүй хайлаас, харгана, улиас, зарим зүйлийн бургас тарьж, уг зорилтыг хэдхэн жилийн дотор шийдвэрлэж чадсан байна. Манжуур хэдийгээр ургамлын аймгаар баялаг ч гэсэн ажиглалт хийхэд манхант Монголыг бодвол тохиромж муутай.

Элсэн шуурга болон торнадо хэмээх аюумшигт салхины эсрэг юуг сөргүүлэн тавих ёстой вэ гэх юм бол энгийн, найдвартай, ашиг тустай зүйлийг санаачлах хэрэгтэй гэх байна. Монголд гэхэд л үлгэр жишээ аж ахуйнууд байгуулах, мод бут тарих, малын үүлдэр угсааг сайжруулах талаар бодож эхэлж байна. Монголын Засгийн Газраас (Өвөр Монголыг хэлсэн бололтой-орч.) тогтоосноос үзвэл улс орноо хөгжүүлэхэд дараах арга хэмжээнүүдийг авч явуулах нь зайлшгүй чухал хэмээн үзсэн бололтой.

Үүнд: 1. Монгол боловсон хүчин бэлтгэх зорилгоор үндэсний дээд сургууль байгуулах; 2. Монголын зэвсэгт хүчнийг үндсээр нь өөрчлөн байгуулах; 3. Өвөр Монголд өвчтөн эмчлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, эмнэлгийн газруудыг олноор байгуулах; 4. Маршал Чан-Кай-Шийн дэвшүүлсэн шинэ амьдрал хөдөлгөөний үндсийг Өвөр Монгол даяар хэрэгжүүлж, үлгэр жишээ шинэ тосгодыг байгуулах; 5. Монголчуудын соёл боловсролыг дээшлүүлэхийн тулд соёл урлагийн байгууллагуудыг байгуулах; 6. Монгол багш нарыг бэлтгэх сургуулийг хааяагүй байгуулах; 7. Байгалийн баялгийг зохистой ашиглахын тулд үйлдвэр худалдааны байгууллагуудыг байгуулж, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор зээл олгодог банк байгуулах; 8. Өвөр Монгол даяар дардан зам байгуулах асуудал хэрэгжүүлэх; 9. Өвөр Монголын бүх аймаг хошуудыг телефон, телеграф, шуудангийн цэг салбараар хангах тусгай товчоо байгуулах гэх мэт. Дээр дурдсан бүхэн нэн чухал арга хэмжээ мөн бөгөөд түүнийг ухаант хүн бүхэн дэмжих ёстой.

Олон оронд элдэв будлиант явдал гарч байгаа өнөөдөр ч гэсэн ирээдүйнхээ тухай үнэн сэтгэлээс санаа тавьдгийг бид харж байна. Үүнд хоёр хандлага байгааг ажиглалаа. Нэг нь өнөөгийн түгшүүртэй байдлыг намжаах, нөгөө нь ирээдүйгээ энх амгалан, сайн сайхан байлгах эрмэлзэл юм. Хоёрдахь хандлага нь соёлт хүн болгоныг баярлуулах ёстой. Гэтэл тийм баяр баясгалан бидэнд үзэгдэхгүй байгаа нь үнэн. Ирээдүйд тэр сайхан гэрэл гэгээ гийж, элс манхан ногоороод, хааяагүй сургууль, үлгэр жишээ фермүүд байгуулагдсан цагт бидний санаа амрах байлгүй дээ.
Маргаашийн тэр сайхан ирээдүйг үзэхийн тулд өнөөдөр соёлт хүн бүхэн тэр тухай санаа тавих төдийгүй туслах ёстой юм. Урьд нь хэвлүүлсэн нэг номдоо би Монгол нутгаас сонссон нэг домгийг нийтэлсэн билээ. “Урьд нэг цагт газар дор могой хөрвөхөд газар хагараад, ахан дүүс хагацан салжээ. Одоо тэд төмөр шувуу нисэн ирж, ахан дүүсийн тухай сураг дуулгана гэж хүлээж байгаа” ажээ. Ард түмний сэтгэл ирээдүйд тэмүүлдэг. Ирээдүй рүү нэгэнт тэмүүлж эхлэх аваас тэр нь гэрэлт ирээдүй ойртсоны шинж мөн болой.

1935 оны 6 дугаар сарын 16. Цагаан хүрээ
Н.К.Рерих

Орчуулсан Ч.Нарантуяа “Аав хүү Рерих нар ба Монгол” номоос...

Эх сурвалж: http://odnarsar.blog.banjig.net

Sunday, May 9, 2010

Ялалтын парад. 1945 он



Ялалтын баярын 65 жилийн ойн энэ өдөр та бүхэнд 1945 онд Улаан талбайд болсон парадыг сонирхуулж байна. 27 сая хүний амиар ялан дийлсэн Оросын ард түмний цэнгэл баярыг түүхэн ховор эл баримтат киноноос үзэх болно.





Saturday, May 8, 2010

“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө”


...Монгол Улсаас ЗСБНХУ-д олгож байсан эдийн засаг, санхүүгийн тусламж нь мөнгө, өвлийн хувцас, хүнсний бараа, мал, худалдаж авсан танкийн цуваа, нисэх онгоцны эскадрилаас бүрдэж байв.
Монгол Улсад зөвлөлтийн армид туслах фонд байгуулав. 1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс өвлийн 15 мянган иж бүрэн хувцас, 1,8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан цуваа илгээв. ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв.
1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25,3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээсэн байна.

...Монгол Улсын Засгийн газар монголын ард түмний өмнөөс Внешторгбанканд 2,5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулжээ. Энэ мөнгөөр Т-34 гэдэг 32 танк, Т-70 гэдэг 21 танкаас бүрдсэн танкийн цуваа худалдаж авч, Монголын засгийн газрын төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 1942 оны эцэс гэхэд Москва мужийн Наро-Фоминскийн районд 53 танк ( Т-34 танк 32, Т-70 танк 21) хүргэжээ.

...Дайны турш Монголоос ЗСБНХУ-д 500 мянга гаруй агт морь нийлүүлсэн нь улсын бүх адууны 10 хувь байв.

...1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны «Монгол ард» эскадриль худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулав. 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ. 1943 оны наймдугаар сарын 18-нд Сталин Улаан армийн дайчдад дорвитой тусламж үзүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон маршал Чойбалсанд талархал илэрхийлсэн байна.

1943 оны есдүгээр сарын 25-нд Смоленск мужийн Вязовая өртөөний хээрийн нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн гвардийн хоёрдугаар хороонд «Монгол ард» эскадрилийг хүлээлгэн өгөх ёслол болов. Монгол Улс бас танкийн цуваа, эскадрилийнхныг дайн дуустал эд материал, хүнсээр хангах үүрэг хүлээв.
Танкийн «Хувьсгалт Монгол» бригад, байлдааны нисэх онгоцны «Монгол ард» эскадриль гитлерчүүдтэй хийсэн олон тулалдаанд оролцож, дайныг Берлиний дэргэд дуусгасан юм.

...1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан армид туслах фондын хэрэгцээнд хөрөнгө хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая төгрөгийн үнэтэй «Улсын батлан хамгаалалт» нэртэй улсын тусгай хонжворт сугалааг дөрвөн удаа гаргажээ. Хүмүүс хувийн хадгаламжаасаа тусламжийн фондод хандивласаар байв.

Монгол Улс зэвсэгт хүчнээ бэхжүүлэх нь тусламжийн өөр нэг чиглэл байв. Цэргийн тоо байнга нэмэгдэж, дайны эцэс гэхэд гурав дахин нэмэгдэж, Монгол Улс улсын төсвийнхөө зарлагийн 48,5 хувийг армид зарцуулж байлаа. Монгол Улсын зэвсэгт хүчнийг Квантуны армийг тогтоон барих нэмэлт хүчин зүйл гэж үзэж байв. Энэ нь дайны турш өөрийн нутагт байрлах эрхийг Монгол Улсаас олгосон зөвлөлтийн 17 дугаар армийн цэрэгт нэмэлт хүч болж байлаа. Монгол Улсын Засгийн газар дайны жилүүдэд ЗСБНХУ-аас бараа импортлохоо эрс багасгаж, хөнгөн үйлдвэрийн зарим төрлийн барааг өөрсдөө үйлдвэрлэх болсноор зөвлөлтийн эдийн засагт ямар нэг байдлаар хөнгөлөлт үзүүлж байв.

Монгол Улсын Сангийн сайд асан, эдийн засгийн ухааны доктор Д.Моломжамц

...АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байв гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн. Энэхүү стратегийн бүтээгдэхүүн байлдааны зарим үед танк, их буунаас ч илүү үнэлэгддэг байлаа. Нэхий байх эсэх нь ялах ялагдахыг ч тодорхойлдог үе бий. Монголтой холбоотой болсноор Сталин энэ бүтээгдэхүүнээр хангагдаж байсан юм.

Оросын цэргийн тагнуулч, түүхч В.А.Суворов

Wednesday, May 5, 2010

“Атлантын нуруу тэнийв”


Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” романы орчуулгын нээлтээс ирлээ. Өнөө орой Уран зургийн галерейд болсон уг номын орчуулгын нээлт саяхан дууслаа. Монголын Либертари сангаас эрхлэн хэвлүүлсэн энэ нүсэр зузаан номыг/бараг л 100 хэвлэлийн хуудас/ билиг танхай дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй орчуулжээ.

Айн Рэндийн номын орчуулгын нээлтэд олны танил эрхэмүүд болох Баабар, гүүш Г.Аким, жүжигчин Д.Сосорбарам, зохиолч Г.Аюурзана, зураач Ц.Энхжин/Мөнхжин нь байсан юм болов уу?/, УИХ-ын гишүүн С.Оюун, Х.Тэмүүжин, сэтгүүлч Э.Сонинтогос, зураач Я.Булган, за тэгээд заримыг нь би танихгүй, дийлэнх нь намайг танихгүй тун олон хүн цуглалаа.

Өнгөрсөн жил Айн Рэндийн “Эх сурвалж” зохиолыг нь орчуулагч Б.Батчулуун орчуулж, уг ном борлуулалтаараа нэг үе тэргүүлж байсныг нь санаж байна.

Оросын их яруу найрагч А.С.Пушкин орчуулагчийг “Гэгээрлийн улааны морь” гэж нэрлэсэн бол билгүүн номч Бямбын Ринчен гуай “Соёлын жинчин” гэж үнэлсэн байдагсан. “Соёлын жинчин” Ж.Нэргүй Айн Рэндийг хэрхэн буулгасныг одоо үзнээ. Явж гараа угааж байгаад номоо гарчиглая. Номын нээлтэн дээр хэдэн зураг дарснаа болвол маргааш оруулнаа.


Жич: Бэлэн байгаа зургаасаа нэгийг орууллаа.
Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолын орчуулгын сигнал уншиж эцсийн засвар хийж байгаа гүүш Ж.Нэргүй, “Үнээдэй нютаг”-ийн хөвүүн Галсансүхийн хамт

2010 оны 3 дугаар сарын 19
Дүрслэх урлагийн музейн танхимд