Хүн бүхэнд сонсох дуртай дуу хөгжим, үзэж харах дуртай уран зураг гэж байдаг байх. Би л хувьдаа ардын зураач, төрийн соёрхолт Д.Амгалан гуайн зурсан зургуудыг ахин дахин үзэхдээ уйддаггүй. Дунд сургуульд байхдаа Дүрслэх урлагийн музейн танхимд өлгөөстэй “Мөрөөдөл” зургийг нь үзэх гэж мөн ч олон очсон доо. Хүүхэд насны дэврүүн хүсэл, гэнэн томоогүй балчирхан оюун санаанд минь нийцсэн энэ зургаас чухам ямархан эрч хүч олж авдаг байснаа сайн мэдэхгүй юм. Юутай ч гэсэн энэ зургийг үзээд гарахад нэг хэсэгтээ сэтгэл санаа өөдрөг, хийж бүтээхийн урам зоригоор дүүрэн явдаг байлаа.Д.Амгалан гуайн нэгэн бүтээлийн хуулбар ширээн дээр минь байнга байдаг юм. Уг зургийн нэр нь “Ээж ээ, сайн байна уу”. Уяхан Замбуутивийн наран дор чандмань эрдэнэ-рашаан ус зөөгөөд ирж яваа ижийгээ тосон мэндчилэх хүүгийн сэтгэлийн баяр хөөр, догдлолыг илүү дутуугүй, тов тод үзүүлсэн уг бүтээлийг мэдэхгүй монгол хүн гэж бараг үгүй болов уу. Гучаад жилийн турш хот, хөдөөгийн олон олон байшин барилгын нүүр, сургууль, цэцэрлэгийн анги танхимыг чимэглэж, сонин сэтгүүлийн хуудаснаас салахгүй явж ирсэн энэ зурагт хүмүүсийн сэтгэлийг соронздон татах нууц увдис оршжээ гэж боддог.
Дуртмал сайхан наран, наран болсон ижий, хорвоогийн хоёр нараа золгон дэрвэх хүүгийн зургийг үзсэн гадаадын хүмүүс монголчууд яагаад “Үүрд хамт байгаач ээж ээ” хэмээн уйлж дуулдагийн учрыг ухаардаг буй заа. Манай сонин монголын зураач урчуудын шилдэг бүтээлээс нийтлэж, “зураг төрсөн түүх”-ийг уншигч олондоо танилцуулах зорилго тавьсан юм. “ТН-ийн галерей”-н анхны зочноор хайртай зургийнхаа эзэн, хүндлэж явдаг зураачаа урилаа. Монгол улсын ардын зураач, төрийн соёрхолт Дагдангийн Амгалан “Ээж ээ, сайн байна уу” зургаа хэрхэн бүтээснээ ийнхүү ярьж байна.
-Би тавиад оны сүүл жараад оны эхээр Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд сурч байлаа. Ядуу оюутанд мөнгө төгрөг гэж юу байх вэ дээ. Зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, жаал зураг зурна. Түүнийхээ мөнгөөр ард үлдсэн эхнэр хүүхдэдээ нэмэр болдогсон. Эхнэртэйгээ 1956 онд танилцаж, 1958 онд гэрлэсэн. Анхны хүүхэд маань 1959 онд төрж, аав болохын жаргалыг эдэлж явлаа.
Чиний сонирхоод байгаа энэ зургийг оюутан байхдаа 1962 онд зурсан юм. “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” гэдгийн нэг хэсэг л дээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” гэж зурсан юм.
Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад төрүүлсэн юм. Зургаа хоёр өнгөөр зураад шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж хийсэн. Хулдаасан барын аргаар бүтээсэн юм шүү дээ. Суриковын дээдэд шилжихээсээ өмнө Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн зургийн ангид сурч байхдаа зураасан зураг, мод, чулуу болон хулдаасан барын аргаар хийж сурсан. Тэгээд л шинэ төрлөөр бүтээе гэж оролдсон минь тэр. С.Нацагдорж бид хоёр нэг хэсэг зураасан зураг, хулдаасан барын төрлөөр оролдож байлаа. С.Нацагдоржийн “Адуун сүрэг”, “Лимбэчин” гээд хэдэн сайхан бүтээл бий дээ. Чи мэднэ биз дээ?
“Өлгий нутгийн минь өглөө” цувралын бүх зурагт нар бий. Чи сайн ажаарай! “Ээж ээ, сайн байна уу” зурагт ч бас нар бий. Ертөнцийн наран мандаж байна, ээж минь ч бас Наран юм гэсэн санааг тусгая гэж бодсон. Якутын урлаг судлаач Потапов гэдэг хүн жараад оны дундуур манай оронд ирсэн. Бид хоёр хуучны танилууд болохоор би гэртээ урьсан. Өнөөх цуврал зургаа үзүүллээ. Тэгсэн өнөөх маань дуу алдан, “классик” гэж байна. Би зовоод “сери зургийн нэг шүү дээ” л гэж хэлсэн. Яахав, муугүй бүтээл болсон байх аа. Олон удаагийн үзэсгэлэнд тавигдаж байсан. “Иностранная литература”, “Огонек” зэрэг гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Монголдоо бол хэвлэл сонинд олон гарсан даа хэмээв.
Д.Амгалан гуай 1993 онд жаран насныхаа ойгоор уран бүтээлийн тайлан-үзэсгэлэн гаргахдаа энэ зургаараа “анонс” хийсэн байсныг санаж байна. Анхны эх нь олдохгүй болохоор дахиж хийсэн эхээ үзэсгэлэнгийн хойморт залсан байж билээ. Харин тэрхүү эх зургаа Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаад дурсгал болгон бэлэглэсэн тухай сонин хэвлэлд гарч байсан.
Миний багад манай 120 мянгатын нэгэн байшингийн ханыг энэ зургаар чимэглэж байсансан. Мөн ч олон жил болсон доо. Өсөж томроод ажил хөдөлмөрийн зам хөөхөд минь энэ зураг байж л байсан. Орой ажил тараад ирэхэд автобусны буудлын урд талын байшингийн ханан дээрх зураг, түүний цаана таширлах шингэж буй наран хичнээн үзэсгэлэнтэй сайхан харагддаг байсан гээ. Энэ зураг уг байшинг чимэглэж байх үед тэр байрнаас хүүхдийн эндэгдэл гараагүй хэмээн оршин суугчид нь ярьдагсан. Үнэн бол билэг дэмбэрэлтэй сайхан л хэрэг. Сүүлд нэг л өдөр гэнэт уг зургийг хусаж арилгаад оронд нь “социализмын өрнүүн бүтээн байгуулалт”-ын сэдэвтэй шигтгэмэл хийсэнсэн.
Би одоо ч ажил тараад ирэхдээ автобусны буудлын урдахь байшинг хардаг. Тэгээд “Энд нэг сайхан зураг байж билээ” гэж дотроо үгүйлээд санаа алддаг юм. Гэвч нэгэн цагт миний ижил бодолтой хүмүүсийн хүсэл биелж, 120 мянгатын уг байрны хана Д.Амгалан гуайн “Ээж ээ, сайн байна уу” алдартай бүтээлээр дахин чимэглэгдэж, эндхийн оршин суугчдаа баярлуулах ч юм бил үү?
Жич: Хэд хоногийн өмнө “Metro” блогт тавигдсан зургийг үзээд энэхүү хуучин бичлэгээ санасан хэрэг. Хуучин гар бичмэл, нооргоо ухаж байж оллоо. Олон жилийн өмнө “Засгийн газрын мэдээ” сонины дагуул ”Түмний нэг” /1996 оны 5 сар №11/ сонинд хэвлүүлж байсан бичлэгээ үг, үсгийн засвар хийлгүй блогтоо оруулаа. Арваад жилийн өмнөх миний бичлэгийн арга барил, хэв маяг хадгалагдан үлдсэн тул өөрчилж засъя гэж бодсонгүй ээ.
“Орчлонгийн бүх ээжүүд хамгийн сайхан бүсгүйчүүл”, “Хүмүүст гэгээн сайхан бүхнийг өгөхөд илүүдэх юу байхав” хэмээн бодож явдаг блог анд Галаадаа баярлалаа.










Дэлхийн олон орны хүүхэд багачуудын ширээний ном болсон “Робинзон Крузо” ном нь 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Йоркийн далайчин Робинзон Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэй анх хэвлэгдсэн түүхтэй. Хэвлэгдсэн даруйдаа уншигч олны талархлыг хүлээж гуравхан сарын дотор дөрвөнтээ хэвлэгдэж шуугиан тарьж байсан энэ ном хожим дэлхийн бараг бүх хэлнээ орчуулагдсан гэдэг. “Хүн төрөлхтөний тэн хагас нь хүүхэд насандаа “Робинзон Крузо”-г уншсан байдаг” гэлцдэг нь оргүй үг бус болов уу. 







