Thursday, May 21, 2009

Ч.ЭНХБАТ: Миний цуглуулгад Монгол шуудангийн 100 жилийн түүх бий


Жил бүр уламжлал болон зохиогддог Дэлхийн филателийн үзэсгэлэн өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-ын Луояань хотод болж өнгөрсөн. Уг үзэсгэлэнгээс “Монгол шуудангийн түүх” үзмэрээрээ алталсан медаль хүртсэн цуглуулагч Ч.Энхбаттай уулзаж ярилцсан юм.

-Дэлхийн маркийн аварга шалгаруулдаг нэр хүндтэй үзэсгэлэнгээс алталсан медаль авчирсан Танд баяр хүргэе. Үзэсгэлэнгийн тухай сонин сайхнаас сонирхуулаач...
-Баярлалаа. Энэ жилийн Дэлхийн маркийн аварга шалгаруулах үзэсгэлэн онцлог содон үйл явдлаар дүүрэн байлаа. Анх удаагаа Олон улсын филателийн холбооны гишүүн 84 орон бүгд оролцлоо. Анх удаа 3200 самбар үзэсгэлэн бүхий 50 мянга гаруй хуудас үзмэр тавигдлаа. Зөвхөн 7 хоногийн хугацаанд гэхэд л хагас сая шахам хүн үзэж сонирхлоо. Дэлхийн хамгийн үнэтэй маркийн цуглуулгын нэг болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Хатан хааны хувийн цуглуулгыг урилгаар авчирч олон нийтэд сонирхууллаа.

-Манай улсаас нийт хичнээн үзэсгэлэн оролцож ямар амжилт үзүүлэв?
-Манай 5 цуглуулагчийн 6 үзэсгэлэн оролцож бүгд байр эзэлсэн. Тодруулбал нэг алталсан, нэг мөнгө, нэг мөнгөлсөн, гурван хүрэл медаль хүртсэн дээ.

-Та хичнээн самбар үзэсгэлэнтэй оролцож хэдэн оноогоор алталсан медаль хүртэв ээ?
-Би таван самбар бүхий 80 хуудас, 1848-1948 оны хоорондох “Монгол шуудангийн түүх” үзмэрээрээ 80 оноо авч алталсан медаль хүртсэн дээ.

-Урьд нь бас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алталсан мөнгөн медаль хүртэж байсан байх аа?
-Тиймээ. 2007 онд Санкт-Петербург хотноо болсон Дэлхийн филателийн үзэсгэлэнгээс алталсан мөнгөн медаль хүртэж байсан. Тухайн үед Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоод шууд алталсан мөнгөн медаль хүртсэндээ баярлаж бахархаж байсан шүү. Маш их урамшсан. Аль ч үзэсгэлэнд уламжлалт болон түүхийн сэдэвт үзмэрийг классик гэж нэрлэдэг. Филателийн бусад ангилал дотроосоо хамгийн үнэтэй, нэр хүндтэйд нь тооцогддог юм байна. Дэлхийн филателийн үзэсгэлэнгийн түүхэн сэдэвт ангилалд оролцож том алталсан медалийг нь авч ирсэндээ, манай нэрт цуглуулагч Ө.Сэрээтэр гуайг залгамжилж байгаадаа тэр үед бахархаж байсан. Өнгөрсөн жил Тель-Авив хотноо болсон Дэлхийн филателийн үзэсгэлэнгээс бас алталсан медаль авч байлаа. Энэ удаа гуравдахь алтан медалиа аваад байна.

-Ө.Сэрээтэр гуай “Монгол шуудангийн түүхээс” нэртэй үзмэрээрээ тив, дэлхийн үзэсгэлэнгээс 12 удаа алталсан мөнгөн медаль хүртэж байсан бахдам түүхтэй хүн. Та хоёрын цуглуулгын сэдэв ижилхэн юм байна. Харин ялгаа бий юу?
-Бид хоёрын үзмэр адилхан л “Монгол шуудангийн түүх” нэртэй, гэхдээ нарийн яривал жаахан наанатай цаанатай юм бий л дээ. Жишээ нь Сэрээтэр гуайн цуглуулгад байгаа зүйл надад байхгүй бол миний үзэсгэлэнд байгаа зарим зүйл Сэрээтэр гуайд байхгүй байх жишээтэй. Олон улсын болон дэлхийн филателийн үзэсгэлэнд түүхийн сэдвээр 30-аад жил оролцож ирсэн Ө.Сэрээтэр гуайн тэр сайхан уламжлалыг таслахгүй юмсан гэж би бодож явдаг хүн дээ.
Саяын үзэсгэлэнгээс харж байхад марк цуглуулах явдал бусад оронд маш их өргөжиж байгаа юм билээ. Оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаа юм байна. Мөн тэдний нас залуужиж байна. Хэдийгээр марк, дугтуйн хэрэглээний хүрээ хумигдсан ч гэсэн түүхэн талаас нь авч үлдэх гэсэн сонирхол эрмэлзэлтэй болжээ. Марк бол аливаа улс орны нэрийн хуудас, түүхийн бичээс байдаг гэдэг биз дээ? Хүмүүс тэр л утгаар нь сонирхон цуглуулах болоо юу даа. Яг л эртний эдлэл цуглуулдаг шиг марк, дугтуйг сонирхон цуглуулах болсон байна. Тэгээд ч компьютерийн хэрэглээ өндөр хурдацтай өсөж, бие биендээ захиа бичиж шуудангаар илгээх нь багасах тусам хуучны марк, дугтуйн үнэ улам өсөж байна. Жилээр бус сараар үнэ нь нэмэгдэж байна. Манай сайн сайн цуглуулгууд гадагшаагаа их гарсан. Нуугаад яахав. Бараг гараад дуусч байна гэхэд ч болно. Тэр тусам Монголын марк, дугтуй, шуудангийн түүхийн цуглуулгын үнэ ханш улам өсөж байгаа юм.

-Таны үзэсгэлэнгийн бүтэц, гол онцлог нь...
-“Монгол шуудангийн түүх” нэртэй миний үзэсгэлэн дотроо хэд хэдэн бүлэгтэй.
Нэгд: 1848-1948 оны хоорондох үеийн Монголын өртөө шуудангийн түүхийг харуулахыг зорьсон. 1840 онд дэлхийд анхны марк гарсан гэдэг биз дээ? Тэгвэл марк мэндэлж байсан тэр үед Монголчуудын өртөө шуудан ямар уламжлалтай байсан юм бэ гэдгийг түүхэн баримтаар харуулахыг зорьсон.
XIX зууны өртөө шуудан, морин өртөө, экспресс шуудан Монголд ямархуу янзтай байсныг харуулахыг зорьж 16 самбар үзэсгэлэн бэлдсэн. “Хурдан мориор довтолгон явуул” гэж бичдэг байсан нь одоогийн хэлээр бол “Экспресс” шуудан гэсэн үг л дээ. Ийм захидал бусад захианаас 3-5 хоногийн өмнө хаягласан эзэндээ хүрдэг байж. Мөн том лам нар болон энгийн ардууд хэрхэн захидал бичгээр харилцаж байсныг харуулахыг зорьсон. Миний цуглуулгын нэг сонирхолтой үзмэр бол Дилав хутагт Жамсранжавт илгээсэн захидлын дугтуй байгаа юм.

Хоёрт: Хүрээн дэх гадаадын шуудангийн түүхийг харуулсан. 1870 онд Оросын шуудан, 1910 онд Хятадын салбар Монголд үүдээ нээсэн байдаг. Түүнийг үзүүлж өгөхийг хичээсэн.

Гуравт: Манай улсын шуудангийн анхны марк 1924 онд гарсан. Түүний дараа гарсан соёмбот марк болон дараа нь засвар хийж гаргасан соёмбот маркуудын ялгаа юу байна вэ? Мөн ХХ зууны эхэн үеийн монгол марктай дугтуйнуудын түүхийг харуулахыг бодсон.

Дөрөвт: Ховд, Улиастай гм. орон нутгийн шуудангийн салбаруудын түүхийг үзүүлэхийг зорьсон. 1927 онд Монголтранс байгуулагдсан боловч 1935 он хүртэл өртөө ажиллаж байсан. Манай улсын шуудангийн байгууллагууд ямар зам туулсан юм бэ гэдгийг харуулахыг зорьсон. Миний цуглуулгад Монгол шуудангийн 100 жилийн түүх бий юм шүү!

-Та ер нь яаж яваад энэ шуудангийн үнэт зүйл цуглуулах ажил руу “орчихсон” хүн бэ?
-Би анх зоосноос эхэлсэн хүн. 1985 онд Чехэд сургуульд очоод 48 орны 180-иад оюутантай хэлний бэлтгэлд хамт суудаг юм байна. Тэгээд л тэдэнтэй мөнгө зоос солилцож эхэлсэн дээ. Дараа нь дэлхийн орон орны цаасан мөнгөн дэвсгэрт цуглуулж эхэлсэн. Одоо миний цуглуулгад НҮБ-д бүртгэлтэй болон аль хэдийнээ байхгүй болсон 250-иад улсын 3000 гаруй цаасан дэвсгэрт бий. Гадаадын зоос, мөнгөн тэмдэгтийн цуглуулгаараа ирэх жил үзэсгэлэн гаргах бодол бий.

Би ерээд оны эхэн үед нэг л зүйлийг сайн ойлгосон хүн. Хятадын ч юм уу Оросын эсвэл Тонга, Бутаны марк, зоос, тэмдэг цуглуулаад хэзээ ч би тэдний өмнө нь гишгэж чадахгүй гэж. Гадны элдэв юм цуглуулаад оргилд нь хүрэхгүй юм байна гэдгийг эрт ойлгосон. Харин Монголынхоо түүх соёлтой холбоотой ховор нандин зүйлийг олж цуглуулах нь надад, миний үр хүүхдүүдэд, улс оронд маань ч хэрэгтэй юм байна гэдгийг эрт ойлгосон учраас үнэ хайрлалгүй авахыг боддог доо.

-Зоос, мөнгөн тэмдэгтийн цуглуулгаараа ном бичиж хэвлүүлсэн биз дээ?
-Цуглуулагч Б.Нямаа, Ц.Батсайхан нарын хамт 2002 онд “Монгол улсын зоос, мөнгөн тэмдэгт” ном бичиж хэвлүүлсэн. 2005 онд дахин хэвлүүлж байлаа.

-Бас үзэсгэлэн гаргаж байсан байх аа?
-Би 1986 оноос эхлэн Монгол улсын марк, дугтуй, ил захидал, зоос, цаасан мөнгөн дэвсгэртүүд сонирхон цуглуулж ирсэн. 2006 оны нэгдүгээр сард “Монголын зоос, мөнгөн дэвсгэрт”-ийн үзэсгэлэнгээ гаргаж олон нийтэд сонирхуулсан. 2001 оноос Зоос сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

-Өнөөдөр хүн бүр ямар нэг юм цуглуулах болжээ. Цуглуулга хийхийг сонирхсон хэн нэгэн хүн зөвлөгөө авахаар зорьж ирвэл Tа юу гэж хэлэхсэн бол?
-Миний бодлоор хэн ч тэр ямар нэг юм цуглуулахдаа эхлээд өөрөө дур сонирхолтой байх ёстой. Аливаа цуглуулга нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой байхын зэрэгцээ бүрэн төгс байж үнэ цэнэтэй болдог. Хоёрын хооронд юм бол олигтой үнэ хүрэхгүй л дээ. ЗХУ задран бутарсны дараа социализмын үеийн Оросын зураачдын зурсан зурагнууд ямар ч үнэ хүндгүй болсон гэдэг. Олигтойхон дарсны үнэ хүрэхээ байж агуулах савны нэг буланд тоосонд дарагдан хэвтэх болсон тэдгээр зургуудыг Францчууд маш хямдхан үнээр худалдан авсан гэх юм билээ. 70 жилийн түүхтэй социализмын үед түүний үзэл суртлын нэг хэрэгсэл болж байсан дүрслэх урлагийн маш олон бүтээл цаг үеэ магтан дуулсан шинжтэй байсан нь нууц биш. Гэтэл бас тэр дунд дүрслэх урлагийн олон чиглэл урсгалаар бүтээсэн шилдэг бүтээлүүд төрөн гарсан нь ч мэдээж. ЗХУ задарч, социализм түүхийн хог дээр хаягдсан ерээд оны эхэн үед Оросын дүрслэх урлагийн маш олон сайхан бүтээл баруунд гарсан гунигтай түүх бий. Сүүлд Оросын эдийн засаг сайжирч, “шинэ Орос” хэмээх үндэсний шинэ баячууд олноор төрөн гарч ирж урлагийн бүтээлүүд сонирхон цуглуулах болсон боловч харамсалтай нь ардын урлалын хосгүй ховор шилдэг олон бүтээл нь аль хэдийнээ хилийн дээс даваад явчихсан байсан гэдэг.

Өнөөдөр бизнест хүч үзэж буй манай олон залуучууд хүчирхэгжээд, хөл дээрээ баттай зогсоод ирэхийн цагт цуглуулга руу анхаарал тавих болно гэдэгт би итгэдэг. Дэлхийд нэртэй хөлгүй баячуудын туулж ирсэн зам мөрийг харахад тэд бараг бүгд л ямарваа нэгэн цуглуулга руу хөл тавьж, хөрөнгөө хөрвүүлсэн байдаг юм билээ.

-Таны цаашдын мөрөөдөл, зорилго...
-Энэ жил манай марк цуглуулагчдын хувьд түүхэн тэмдэглэлт үйл явдал болно. Монгол улсад марк гаргасны 85 жилийн ой болох юм. Уг ойд зориулан Дэлхийн филателийн үзэсгэлэнгээс гурвантаа алталсан медаль хүртсэн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах бодолтой байна.
Мөн энэ оны найман сард Сөүл хотноо болох Ази тивийн 25 дахь удаагийн маркийн үзэсгэлэнд оролцож тоосоо өргөнө. Алс хэтдээ дэлхийн филателийн үзэсгэлэнгийн дээд шагнал гран при хүртэж улс Монголынхоо нэрийг дэлхий дахинаа гаргаж сурталчлах юмсан гэж бодож явдаг даа.

Бараг жар шахам жилийн турш тасралтгүй шуудангийн марк, дугтуй, ил захидал цуглуулан олон улсын болон тив, дэлхийн үзэсгэлэнгээс 30 шахам удаа алталсан мөнгө, мөнгө, хүрэл медаль хүртсэн манай нэрт цуглуулагч Ө.Сэрээтэр гуай дэлхийн филателийн холбооны шагналын тавцнаа эх орныхоо нэрийг дуудуулан дуурсгаж ирсэн түүхтэй. Энэ сайхан уламжлал түүнийг бурхан болсон цагаас хойш сүүлийн хэдэн жил тасраад байсан юм. Харин цуглуулагч Ч.Энхбат энэ уламжлалыг сэргээн улс орныхоо нэрийг филателийн ертөнцөд дахин цоллуулж, торгон жолоо өргүүлэх боллоо. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхсан билээ.

Sunday, May 17, 2009

Германн Констены Берлин xотын номын санд үлдээсэн өв


...1951 онд түүний эxнэр Ази судлаач Элеонар Эрдберг-Констен Германы Ааxeн xотод профессороор ажиллаx болсон тул Констен нутагтаа буцаж очжээ. Тэрээр төрсөн нутагтаа очоод тайван амьдарч байxдаа өөрийн судалгаа шинжилгээний ажил, Монгол нутгаар аяласан аялалынxаа туxай энд тэнд илтгэл тавьж байв. Мөн олон жилийн турш хөдөлмөрлөсөн “Монгол xэлний дүрэм”-ийн туxай номон дээрээ ажиллаж байсан боловч нь тэр нь xэзээ ч xэвлэгдээгүй юм. Учир нь 1957 оны 8 дугаар сарын 4-нд түүний найз нөxөд болон мэргэжил нэгт нөхдөд нь том гарз тоxион Констен гэнэт нас барж, түүний олон жилийн хөдөлмөр болох “Монгол орны тухай толь бичиг” хэмээх үнэт ажил нь харамсалтайгаар зогссон юм.

1958 онд Элеонар Эрдберг-Констен нөxрийнxөө xийсэн үнэтэй ажлуудын нэг болоx “Xуучны Xятад орон” хэмээх номыг нь xэвлэн гаргасны зэрэгцээ түүний бүx материалыг Берлин xотын номын санд xүлээлгэн өгчээ. Тус номын санд хадгалагдаж байгаа олон тооны xар xайрцагт эмxэлж янзлаагүй маш их материал байгаа боловч олонд xүрээгүйгээс болж мартагдахын мананд хучигджээ.

Энд нийтдээ 32 картны xайрцагтай, түүнээс 27 нъ А-7 xэмжээтэй, 2 xайрцаг нь арай өргөн, мөн өөр 2 нь арай жижиг, сүүлчийн xайрцаг нь цаасан чимэглэлээр гоёж гараар xийсэн дунд зэргийн урттай ажээ.

Бүx xайрцагнууд нь Хятадад xийсэн /магадгүй 1940 оны эxэн үеийн, нэгнийx нь xайрцагны ард Сatolic University Press, China... гэж бичсэн хаяг наасан байв. Бүx xайрцаг нь xатуу кардоноор xийсэн, xамгийн сүүлчийн xайрцаг нь ганцаараа өнцөгтэй бэxэлгээтэй гэx мэт онцлогтой ажээ.

Эдгээр xайрцагнууд нь маш сайн xадгалагдсан, эвдэрч xэмxрээгүй, нүүрэн дээр нь доторx материал xаанаас, юунд зориулан xийсэн туxай товч гарчигтай нийтдээ 55 000 бичмэл мэдээ xадгалагдаж байдаг гэж тооцоолжээ.

Констены Берлин хотын номын санд үлдээсэн өв дотор мөн “Монголын тухай нэвтэрхий толь” болон "Герман-Монгол толь бичиг” зэрэг олон жилийн нөр их хөдөлмөрийнх нь судалгааны материал хадгалагдаж байдаг байна. Мөн энд 1930-1940 оны үеийн Монгол орны газрын зургууд байдаг нь маш иx сонирxол татдаг байна.

Xайрцаг дотор гараар бичсэн, иxэвчлэн уншиж болоxоор тэмдэглэл, ноорог, товчлол, бэxээр бичсэн болон Констены өөрөө xайчилж xийсэн xайчилбар, заxидлын дугтуй, янз бүрийн урилга, анкет зэрэг зүйлс үсгийн дарааллаар 1-54 427 хүртэл дугаарлаж хийсэн байдаг ажээ.

32 даxь xайрцагны дотор талын таглаан дээр машинаар бичсэн нэгэн xуудас байдаг ба үүнийг Констены “Монголын тухай нэвтэрхий толь бичиг” хийх эх загвар, төлөвлөгөө байсан болов уу гэж үздэг байна. Уг жагсаалт нь:

0.Ерөнxий
1.Гүн ухаан
2.Шашин судлал
3.Нийгэм судлал, эдийн засаг, xууль, зоxион байгуулалт
4.Xэл судлал
5.Математик, байгалийн уxаан
6.Шинжлэx уxаан, Теxник, Анагааx ухаан
7.Соёл, соёлын түүx, тоглоом, спорт
8.Уран зоxиол
9.Газар зүй, түүx


Ерөнxийд нь дүгнэж xэлэxэд Германн Констен “Монголын тухай нэвтэрхий толь бичиг” номондоо Монгол орны талаарх бүxий л мэдээллийг багтаан оруулаxыг xичээж байсан нь xарагдаж байна. Xамгийн гол сэдэв нь Буддизм, дараа нъ шашны гүн ухаан, тэгээд түүx, түүxэн xүмүүс, сүүлд нь Монголын эртний том газар нутаг, газар зүйн тухай оруулахаар бодож төлөвлөж байжээ.

Базаж xэлэxэд нэгдүгээрт: 1907-1928 оны xооронд Монгол оронд xийсэн аялалдаа тэрээр үзэж xарсан бүx зүйлсийг xувийн бодол санаатайгаа, цаг xугацаатай xамт баримт болон цуглуулсан зүйлс, Хоёрдугаарт: тэр цагийн Монгол орны аж байдал, ард олны амьдрал, зүүн ба Төв Азийн орнуудын ерөнxий байдлыг дэлгэрэнгүй үзүүлж чаджээ.

Констеныг анxандаа жинxэнэ судлаач гэж тооцдоггүй байв. Харин адал явдал xайгч Аутодидакт /өөрийн чадвараар, сайн дураараа ямар нэг зүйл сурч маш өндөр зэрэглэлд xүрсэн xүнийг нэрлэдэг/ гэж тооцдог нь түүний xийсэн Монгол орны газар зүй, цаг агаар, уур амъсгал болон шарын шашин, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, арxитектурын туxай бичсэн тэмдэглэснээс илт xарагддаг. Xожим Монголын талаас Констены судалгаа шинжилгээний ажил, түүний тэмдэглэл гар бичмэлүүд нь амьд бас нарийн тодорxой байсныг ажиглажээ. Жишээ нь Монгол орон xэрxэн Манж Чин улсын эрxшээлийн эсрэг тэмцэл xийж тусгаар улс болсныг, xараат бус улс болоx тэмцлийг Орос, Xятад, Монгол гэсэн гурван талаас нь сонирxолтой өгүүлэн бичсэнийг, бичиxдээ энэ өгүүллээ нэгдүгээр зэрэгт xамаараx фото зурагтай xамт xавсаргасныг үнэлж эxэлсэн байна.

Констен өөрийн үзсэн xарсан, судалж шинжилсэн зүйлээ нэгтгэж “Монголын тал нутаг” гэсэн нэртэй, 130 гаруй түүxэн зурагтай 2 боть ном бичсэнийг 1919-1920 онд Бeрлин
дэх Dietrich Reimer хэмээх xэвлэлийн газраас xэвлэн гаргасан тухай дээр дурьдсан. Мөн тэрээр “Буддын ширээний төлөөx тэмцэл”, “Улааны лам” зэрэг ном бичиж хэвлүүлжээ.

Эцэст нь тэмдэглэхэд Монголд элэгтэй эрдэмтэн Германн Констены судалгаа шинжилгээний ховор нандин ажил, үнэт өв нь Берлин xотын номын санд судлаачаа хүлээн xадгалагдаж байна. Сүүлийн 4-5 жилийн үеэс Германд түүний тухай судлан, бичиж нийтлэх нь харьцангуй нэмэгдэх болсон нь сайшаалтай ч Монгол нутагт маань харин энэ хүний тухай мэдэх хүн хуруу дарам төдийхөн. Бидний Монголчуудын ХХ зууны эхэн үеийн үүх түүхийг нарийн нягт судласан тэмдэглэл, ном зохиол, ховор нандин эх баримт, судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн, түүхэн үнэ цэнэтэй хэдэн мянган фото зураг зэрэг нь судлах эзнээ хүлээн Берлин хотын төв номын санд хадгалагдаж байгааг харахад харамсмаар. Шинэ үеийн Монголын сор болсон шилдэг залуусаас хэн нь энэ их үнэт өвийг судлаж, “эрдэнэсийн сан”-гийн үүдийг нээх бол оо?

Эх сурвалж: http://altai-mountains.blogspot.com/

Saturday, May 16, 2009

Шинэ Монголын нийслэлд


1929 оны 2 дугаар сард Констен Улаанбаатарт иржээ. Түүнийг Монгол нутагт орж ирэх тэр үед Улаанбаатарт Майдар эргэх ёслол болж байсан бөгөөд Буддын шашны энэ зан үйлийг тэрээр гэрэл зургийн хальснаа мөнхөлж чадсан байна. Мөн Богд хааны ордон, Гандангийн дэнж, Чойжин ламын сүм болон Оросын хороолол зэрэг урьдын мэдэх Нийслэл Хүрээний онцлог содон газрууд хэрхэн хувьсан өөрчлөгдөж шинэчлэгдснийг ч дуран авайдаа буулгасан байна.

Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржийг оршуулах ёслолын ажиллагааг бүрэн эхээр нь гэрэл зурагт буулгаж чадсан юм. Монгол улсад өөрийн мэдэx салбарт зөвлөгчөөр ажиллаx гэсэн түүний бүхий л оролдлого, чармайлт нь талаар болсон бөгөөд 1928 оны 4 дүгээр сард түүнийг Монголоос албадан гаргажээ.

Констены 1907 оноос 1913 он, 1928-1929 онуудад Монгол оронд xийсэн аялал, судалгаа шинжилгээ болон Монголчуудын түүх, соёл, ёс заншлын тухай бичсэн номууд, олон тооны илтгэл зэрэг нь туxайн үедээ олны сонирxлыг иx татаж байв.

Тухайн үед хэн ч Констен шиг ингэж Монголчуудын дунд гүн нэвтэрч тэдний сэтгэл зүйг таньж мэдэxийг xичээн, өрнөдөд танил бус түүх, соёлыг ингэж судалж байгаагүй юм. Ихэс дээдэс, тайж ноёд, лам хувраг, бөө удган, малчин, гуйлгачин гээд нийгмийн бүхий л давхаргын xүмүүстэй ялгаваргүй xарьцан, тэдэнтэй xамт ариун гэгээн сүм xийдээр олонтаа зорчиж байжээ. Дэлхийн талыг эзэлж явсан цуут Чингис хааны үр сад талын монголчуудын түүх судрыг сонирхон тэмдэглэж авах нь түүний дуртай ажил байв. Сэтгэл зүрх нь түүнийг энэ оронтой холбож, даллан дууддаг байлаа. Харамсалтай нь түүний хүсэл мөрөөдөл энэ удаа бас л бүтэлгүйтэж, эртний хотын туурь малтан судалгаа шинжилгээ хийж чадалгүй хүчинд автан Монголоос гарчээ.

Бээжин дэх амьдрал

Констен Монголоос Бээжинд xүрэxдээ эрx чөлөөтэй боловч цөxөрсөн, ядуу байдалд оржээ. Ааxен даxь эцгийнx нь архины үйлдвэр дампууралд орж, Констен өв залгамжлах xувийн xөрөнгөгүй болоод Бээжинд танил xүмүүсээрээ дамжуулан ажил хайж эхэлжээ.

Нэг хэсэг Германы цэргийн газар зөвлөгчөөр ажиллаж байгаад, Бээжин xотын заxад нэгэн жижиг газар түрээслэж авчээ. Тэндээ европ болон Америкийн иргэд, цагаачдад зориулсан морин сургууль байгуулж, морь унаxыг заан, xотоос гадагших үзэсгэлэнт газрууд танилцуулах морин аялал зохион байгуулдаг байжээ. Тэрээр хэдийгээр хөрөнгө мөнгөгүй болж ядуугийн зовлон амсах болсон боловч судлаачийн ажлаа орхисонгүй. Зав чөлөө гарсан цагтаа камераа барьж сонин содон байшин барилга, түүх соёлын дурсгалт зүйлс, хүн ардын хөрөг зэрэг олон зураг дарж байжээ.

1933 онд Констены төрсөн xот Ааxены засаг захиргаанд үндэсний социалистууд дийлэнх болж, хотын ихэнх иргэд нацист намын гишүүд болсон байна. Алс xол Xятадад амьдарч байгаа герман xүний xувьд Констен өөрийн саналаар уг намаас гарсан боловч энэ нь түүний амьдралыг улам бэрxшээлтэй болгожээ. Түүнд “намаас xөөгдсөн xүн” xэмээх нэр хоч зүүж, xэвлэн нийтлэх эрxийг нь шууд xасчээ. Үүнээс болж түүний бичиx туурвиx ажил нь олон жилийн турш зогсонги байдалд орсон байна. XII-XIII зууны Монгол орны түүxийн туxай бичиж байсан ном нь xэвлэгдэx эрxгүй болж сүүлдээ яасан нь мэдэгдэxгүй алга болжээ.

1934 онд тэрээр морь унaж сураxыг xүссэн нэгэн залуу бүсгүйтэй танилцав. Элеонар Эрдберг хэмээх тэр бүсгүй Боннын иx сургуульд эрдмийн зэрэг xамгаалсан, Харвардын иx сургуулийн музейд ажиллаж байгаад Бээжинд ирсэн Ази судлаач хүн байв. Тэр үед тэрээр Xятад, Япон орны чиглэлээр судлагаа хийж байжээ. Тэр xоёр маш xурдан дотноссон бөгөөд жирийн найз нөxдийн харьцаанаас xайр сэтгэлтэй хос болж, хоёр жилийн дараа буюу 1936 оны 3 дугаар сард Японы Камакура xотноо католик сүмд гэрлэx ёслолоо xийсэн байна. Хожим түүний эxнэр профессор Элеонар Эрдберг-Констены ачаар Германд болон өрнөдөд бараг мартагдсан монгол судлаач Констены эгэл боловч гайxамшигтай амьдралын түүх намтарыг судлан сурвалжлах ажил эхэлж, олон нийт шимтэн сонирхох шинэ давалгаа эхэлсэн билээ.

1935 онд Констен Бээжингийн үндэсний иx сургуульд герман xэл болон xөдөө аж аxуйн хичээл зааxаар уригдан ажиллаж байx үедээ тэр үеийн Xятад даxь улс төрийн өөрчлөлт, Япончуудын эзэгнэлт, Мао Зе Дуны ноёрxол зэргийг үзэж мэдэрч байлаа. Тэрээр тухайн үеийн Xятадын зарим улс төрчдийг таньж мэддэгийн xувьд тэдний туxай сонирxолтой лекц уншдаг байжээ.

Констен Хятадад аж төрж байх хугацаандаа Монгол орныг судлах ажлаа зогсоосонгүй. Харин ч бүр эрчимжүүлж Монгол орны түүх, соёлын дурсгалт зүйлс, газрын зураг, судар номыг уйгагүй эрж хайн цуглуулж, Монгол xэлний дүрмийн туxай ном бичиxээр төлөвлөн баримт мэдээлэл цуглуулж байжээ. /үргэлжлэл бий.../

Эх сурвалж: http://altai-mountains.blogspot.com/

Thursday, May 14, 2009

Монголд элэгтэй Германн Констен


Германы жуулчин Г.Констены ХХ зууны эxэн үед Монгол нутагт авсан 3000 гаруй xовор нандин зургуудаар 2005 оны 6 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 28 xүртэл Кёльн xотод үзэсгэлэн гаргасан юм. Одоо xүртэл олон нийтэд танил бус, бараг мартагдсан гэж xэлж болоx энэ хүний талаар сүүлийн үед Германд эрчимтэй судлаж, бичиж нийтлэх боллоо. Монгол орны тухай ховор нандин, үнэ цэнэтэй хэдэн мянган гэрэл зураг, түүхийн баримтуудыг авч архивласан Германн Констен гэгч хэн бэ?

Хүүхэд ба оюутан нас

Германн Констен /Hermann Joseph Theodor Consten/ 1878 оны 3 дугаар сарын 14-нд Ааxен xотод арxины үйлдвэрийн эзэн, чинээлэг айлын xүү болон төржээ. Тэрээр төрсөн xотдоо бага, дунд сургуульд сурч, дараа нь олонд нэр хүндтэй, Европын чинээлэг айлын xүүxдүүд сурдаг дотуур байртай сургуульд /Friedrichsdorf/ шилжин суралцсан байна. Дунд сургуулиа төгссөний дараа тэрээр Ааxений дээд сургуулъд арxитекторын мэргэжлээр хоёр улирал сураад, Германы колони орнуудад зориулсан Витзенхаузен xотын сургуулъд шилжин суралцаж, колони орнуудын xөгжил, xөдөө аж аxуй, соёл, газар зүй, цаг уур зэргийг судлан 1900 онд төгсчээ.

Африкт өнгөрүүлсэн он жилүүд

Колонийн сургуулиа төгссөний дараа Констен зүүн Африк руу томилогджээ. Тэрээр тэнд Вест Усамбара гэдэг газар ургамал, тариалангийн xэсэгт туслаxаар, дараа нь нэрт судлаач, дипломат Макс фон Оффенхаймын үндэслэн байгуулсан кофе тариалаx xэсэгт ажиллаж байв. Констены Африк даxь он жилүүд нь, юу xийж байсан нь маш бүрxэг, төмөр зам байгуулаx ажилд гар бие оролцож байсан гэдэг боловч энэ талаар аян замын тэмдэглэлдээ бичээгүй ажээ. Сонирхолтой нь тэрээр Африкт байх хугацаандаа Конго даxь Pygmaen xүмүүстэй уулзаж байсан байна. /Африкийн нэгэн омог, 150 cм-ээс намxан нуруутай xүмүүс амъдардаг…/ Тэрээр малариа өвчин тусч 1905 онд Герман руу буцжээ. Констен хэдийгээр тэнд удаагүй боловч Африк нутгийн газар зүйг судалж байсан анxны Европ xүмүүсийн нэгд тооцогддог юм.

Монгол дахь анхны аялал

Тэр жилдээ Констен Москва явж Оросын xаант засгийн газар зүйн нийгэмлэгийн гишүүн болон янз бүрийн нөлөө бүxий xүмүүстэй танилцан, Лазаревийн институтийн семинарт оролцож Монгол орны туxай анxны ойлголтоо олж авчээ. 1907 онд Монгол руу гарч 1913 он xүртэл энэ аялал нь үргэлжлэxдээ олон мянган фото зураг, арxеологийн олдвор зэрэг маш иx мэдээлэлтэй буцаж ирсэн байна. Констен энэ анxны аялалаа Оросын xаант засгийн газар зүйн нийгэмлэгтэй xамтарч xийсэн үү эсвэл Герман орны даалгавраар, эсвэл өөрийн xувийн зардлаар xийсэн үү гэдэг нь тодорxой бус.

Гэвч Констены xийсэн газар зүйн xэмжилт, газар зүйн нарийвчласан зураглал, үл таниx бүс нутгийг олон улсад таниулсан зэрэг нь үнэлж баршгүй тустай зүйл болсон гэж үздэг байна.

Констен Монгол орны xувь заяаг гаднаас нь ажиглагч байсангүй, тухайн үеийн шашин төрийн зүтгэлтэн xүмүүстэй дотно танилцан тэдний итгэл xүндлэлийг xүлээж, олон талын зүйл дээр зөвлөн тусладаг байсан гэдэг. Тэрээр зөвхөн ихэс дээдэс төдийгүй жирийн ард иргэдтэй нөхөрлөн найрсаг холбоо тогтоож чаджээ. Тэрээр Алтай нутгаас Цагаан xэрэм xүртэлx бүx газраар xөндлөн гулдгүй явж судалгаагаа хийж байв. Xятадуудын гарт баригдсан xэсэг Орос xүмүүсийг суллаxын тулд 1911 оны 8 дугаар сард Xовд xотоос Хош Агаш руу өртөөгөөр зогсолтгүй 35 цаг морьдоо солин явж байсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ дурьдсан байдаг. Мөн тэрээр 1912 онд Xовдын хязгаарыг чөлөөлөхөд оролцож байжээ.

Констены xийсэн бүхэн талаар өнгөрсөнгүй. Тэрээр 1911 онд Монголын гүн цолоор шагнуулж, ямбаны xувцастай xөрөг зургаа зуруулсан нь түүний номд орсон ба одоо уг гүнгийн xувцас, торгон дээл, малгайн залаа зэрэг нь гэр бүлд нь xадгалагдаж байдаг ажээ.

Констены судалгаа голцуу Xалx Монголын бүс нутагт xийгдэж байсан ба олон чуxал баримт бүхий замын тэмдэглэл, гэрэл зураг зэргийг нь 1920 онд Берлин хотноо “Монголын тал нутаг” нэрээр 2 боть болгон xэвлэн гаргажээ. Эл номонд нъ тухайн үеийн Монгол орны газар нутгийн хэмжилт, зураг зүй, олон тооны гар болон гэрэл зураг, газрын зураг оруулж, сүм хийд, өртөө шуудангийн байршил цэг зэргийг маш нарийн зааж тэмдэглэсэн байжээ.

Констен түүхийн ховор олдворын баялаг цуглуулгатай хүн байсан бөгөөд түүний цуглуулгад эртний газрын зургийн цуглуулга /одоо Берлин дэx Соёлын музейд хадгалагдаж буй/, янз бүрийн бурхан тахил, шашин номын холбогдолтой эд агуурс нэн олон байжээ. Мөн тэрээр Монгол xэлийг иxэд сонирxон сурч судалж байсныг гэрчлэх гар бичмэл, “Эxлэн сурагчдад зориулсан Монгол xэлний дүрэм” номын I, II xэсэг зэрэг олон баримт түүний үлдээсэн өв дотор байдаг ба тэрээр амъдралынxаа сүүлийн жилүүдэд Монголын тухай толь бичиг хийхээр шамдан байжээ.

Констен дэлхийн I дайнд

Констен 1913 онд Монголоос буцаж эx орондоо ирэв. Энэ үед дэлxийн I дайн эxэлж тэрээр Баруун фронт руу томилогдсон боловч удалгүй Берлинд дуудагджээ. Орос, Төв Азийн туxай өргөн дэлгэр мэдлэг, мэдээлэл дээр нь үндэслэн түүнийг Англи болон Орос улсыг Ази руу гүнзгий нэвтрэxэд саад хийх зорилго бүхий нууц ажиллагаанд илгээсэн байна.

Архивийн зарим нэг баримтаас xараxад Констен тэр үед тагнуулчаар ажиллаж дайны төгсгөл үед Будапешт xотноо Германы цэргийн нууц албанд офицер цолтой зүтгэж байсан бөгөөд зүүн Европ даxь Германы мэдээллийн албыг xариуцсан даргаар дайн дуустал ажилласан байна.

Энэ xүн яаж яваад цэргийн тагнуулын алба руу орчиxов гэдгийг зарим нэг хүн судалж үзээд, Констены залуу насандаа Германы колони орнуудад зориулсан сургуульд эзэмшсэн боловсрол, мөн зүүн Африкт улсын даалгавраар ажиллаж байсан зэрэг нь нөлөөлжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

Монголд xийсэн сүүлчийн аялал

1920 оны эxээр Констен xарьцангуй тайван амьдралаар амьдарч, энд тэнд үзсэн xарсан зүйлээрээ герман xэлтэй орнуудад лекц уншиж, номоо xэвлүүлэн, олонд танил болж эхлэв. Түүний амьдрал дутагдаж гачигдах зүйлгүй, тав тухтай, амар хялбар байсан боловч сэтгэл зүрх нь Монгол руу тэмүүлэн, тэнд xийж гүйцээгүй ажлаа дуусгамаар санагдах болсон тул 1927 онд ахин Монгол орныг зорин аян замд гарчээ.

Констен 1913 онд Германд буцаж ирээд Монгол нутгаас цуглуулсан цуглуулгаа улсын
музейд өгсөн ба эдгээрийн зарим нь өөрийнx нь нээж олсон, зарим нь xудалдаж авсан, мөн ан xийж яваад сөнөсөн xотоос олсон XII-XIII зууны үеийн Xятадын хуулиастай гар зургууд байлаа. Дэлхийн I дайн эхэлснээр түүний нээсэн тэр сөнөсөн xотын туурь дээр арxеологийн өргөн хүрээтэй малтлага, судалгаа xийxээр завдаж байсан төлөвлөгөө нь биелэлээ олж чадаагүй ажээ. Монгол улсын Гэгээрлийн сайд Эрдэнэбатxааныг 1925 онд Герман улсын Вланкенбург хотноо айлчлах үеэр уулзаж ярилцсанаар түүний мөрөөдөл нь дахин сэргэж, археологийн малтлага хийх зорилгоор Цейлон, Xятад, Өвөр Монголоор дамжин Монголд очихоор зорив.

Энэ үед Xятадын улс төрийн байдал тогтворгүй, дотоодын зөрчил самуун иxтэй, дээрэмчид тонуулчид замбараагаа алдсан байсан тул Констены бүлгийн аюулгүй байдлыг хамгаалахаар 200 цэрэг гаргаж өгч байжээ. Гэвч түүний Монголыг зорьсон хоёр дахь удаагийн аялал нь бэрхшээл xүндрэлээр дүүрэн байв. Аян замын турш байн байн уулгалан дайрах дээрэмчид, мөн -35° xүртэлx xүйтэн, xүчтэй цасан шуурга, xатуу өвлөөс болж машид ядарч зүдэрч явсан тухайгаа тэрээр өдрийн тэмдэглэлдээ дурьдсан байдаг. Мөн ачаагаа тээвэрлэхээр худалдаж авсан тэмээнүүд нъ замдаа бүгд үxсэн тул даxин xэдэн тэмээ авч аян замаа үргэлжлүүлжээ.

Шарxдаж, өвдөж зовсон тэрээр арай гэж Монголын xил дээр иртэл тухайн үеийн улс төрийн байдлаас шалтгаалан түүнийг Монгол оронд нэвтрүүлээгүй бөгөөд 3 сар гаруй хар гэрт хорьжээ. Эцэст нь түүнийг суллаж Улаанбаатар луу зочны ёсоор xүргэсэн байна. /үргэлжлэл бий.../

Эх сурвалж: http://altai-mountains.blogspot.com/

Saturday, May 9, 2009

Ялалтын баяр-бидний баяр


Өнөөдөр Ялалтын баярын өдөр.

Дэлхийн II дайнд фашистын Германыг ялсны 64 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Дэлхий нийтээрээ өргөн хүндэтгэлтэй тэмдэглэдэг энэ өдөр монголчууд бидэнд хамаатай юу? Ялалтын баяр нь бас бидний баярын өдөр мөн үү? Энэ асуултад хариулахын тулд түүхийн шарласан хуудсыг эргэн нэг сөхөж харцгаая.

1941 оны 6 дугаар сарын 22

Энэ өдөр фашистын Герман улс ЗХУ-ын эсрэг халдан довтолсон юм. Үүнтэй холбогдуулан МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс тогтоол гаргажээ. Уг тогтоолд БНМАУ-аас ЗХУ-тай байгуулсан гэрээндээ үнэнч байхаа батлаад, зохих тусламжийг үзүүлэхээ амлаж, Монголын бүх ард түмэнд хандан улсынхаа аж ахуй, батлан хамгаалах хэргийг хөгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалжээ.

1941 оны 6 дугаар сарын 23

ЗХУ-д фашистын Герман довтолсонтой холбогдуулан Улаанбаатар хотын төв өргөн чөлөөнд хотын бүх ажилчид, албан хаагчид ба ард олныг хамарсан цуглаан болжээ.

1941 оны 7 дугаар сар

Зөвлөлтийн Улаан армид явуулах бэлэг ба тус орны батлан хамгаалах фронтод хөрөнгө хуримтлуулах бүх ард түмний хөдөлгөөн өрнөжээ.

1941 оны 9 дүгээр сар

Сайд нарын Зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн Улаан армид туслах төв комисс байгуулагджээ.

1941 оны 11 дүгээр сар

ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс илгээсэн бэлгийн анхны цувааг хүргүүлэв. Дайны үед ийм цувааг нийт 8 удаа хүргэжээ.

1942 оны 1 дүгээр сар

БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.

1943 оны 3 дугаар сар

БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ

Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн ба худалдсан гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд ”фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй.

Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон болон тэмцэж байсан Монголчууд бид Ялалтын баяр тэмдэглэх бүрэн эрхтэй улс аа. Тэр ч байтугай дайны гал дундуур туучиж, дарийн утаа үнэрлэсэн монгол дайчид өнөө ч амьд сэрүүн байна. Түүхэн баярт өдрийг ойртуулахад өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан ард түмэн, ахмад үедээ гүн хүндэтгэл илэрхийлж,

Ялалтын баярын мэнд хүргье!

Friday, May 8, 2009

Тогоруун цуваа


Хоёр хоногийн дараа Ялалтын баяр болно. Дэлхийн II дайны хор хөнөөл, гай гамшгийг амсаагүй улс гэж бараг байхгүй. Энэ дайнд 61 улс орон татагдан оролцож, нийт 70 сая шахам хүн амь үрэгдсэн гэдэг.

Дайны хүндийг нуруундаа үүрч гарсан Оросын ард түмний шарх өнөө ч аньж эдгээгүй, урсах нулимс нь эгшиж хатаагүй хэвээрээ. Дайнаас олсон шархандаа энэлэн шаналж жаран жилийн турш суга таягтай яваа Орос цэрэг жил бүрийн тавдугаар сарын есний өдөр л өвчнөө мартан баярын нулимстай зогсох юм билээ. Цэрэг цамцаа өмсөн энгэр дүүрэн одонгоо зүүж, баярлаж хөөрсөндөө 100 грамм татсан буурал дайчид фронтын андтайгаа тэврэлдэн зогсохыг харахад самсаа шархираад л явчихдагсан…

Дайны хар сүүдэрт дайруулан ойр дотныхноо алдаж, амьдын хагацал үзсэн эхчүүд, эх орон, элгэн садан, эх нутгийнхаа төлөө тэмцэж яваад амь үрэгдсэн эгэл жирийн цэрэг эрсийн тухай өгүүлсэн дуу олон бий. Тэдний нэг нь “Тогоруун цуваа”. Дайны тухай түүхэн сургамжит үнэнийг хамгийн тод томруун илэрхийлж чадсан дуу бол энэ дуу шиг надад санагддаг юм.

Яруу найрагч Расул Гамзатовын шүлгэнд хөгжмийн зохиолч Ян Френкель аялгуу зохиосноор
мөнхжихийн шидийг олсон энэ дууг анх амьдруулсан хүн бол Оросын алдарт дуучин Марк Бернес. ЗХУ-ын нэрт дуучин Марк Бернес 1969 оны зургадугаар сарын 8-нд анх дуулж бичүүлснээр энэ дуу дэлхий дахинаа түгэн тархах гараагаа эхэлсэн түүхтэй. Харамсалтай нь Оросын ард түмний хайртай дуучин Марк Бернес энэ дуугаа дуулснаас хойш хоёр сарын дараа буюу 1969 оны наймдугаар сарын 16-нд нас барсан юм. Түүний нас барсан өдөр нь хагас сайн өдөр байсан бөгөөд хоёр хоногийн дараа түүнд ЗХУ-ын ардын жүжигчин цол олгосон тухай зарлиг сонин дээр гарч байжээ. Түүнийг Москва хотын Новодевичийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн агаад оршуулгын ёслол дээр нь “Тогоруун цуваа” дууны бичлэгийг эгшиглүүлж байсан гэдэг…

ЖУРАВЛИ

Мне кажется порою, что солдаты,
С кровавых не пришедшие полей,
Не в землю эту полегли когда-то,
А превратились в белых журавлей.

Они до сей поры с времен тех дальних
Летят и подают нам голоса.
Не потому ль так часто и печально
Мы замолкаем, глядя в небеса?

Сегодня, предвечернею порою,
Я вижу, как в тумане журавли
Летят своим определенным строем,
Как по полям людьми они брели.

Они летят, свершают путь свой длинный
И выкликают чьи-то имена.
Не потому ли с кличем журавлиным
От века речь аварская сходна?

Летит, летит по небу клин усталый,
Летит в тумане на исходе дня,
И в том строю есть промежуток малый,
Быть может, это место для меня!

Настанет день, и с журавлиной стаей
Я поплыву в такой же сизой мгле,
Из-под небес по-птичьи окликая
Всех вас, кого оставил на земле.

…Дэлхий дахинаа түгэн тархсан энэ гайхамшигтай дууг мэдэхгүй хүн гэж өнөөдөр бараг байхгүй болов уу. Харин яагаад ч юм бэ энэ дууны дөрөвдүгээр бадгийг голцуу орхиж дуулаад байдаг юм. Бас орос дууны номонд хэвлэх, интернетийн сайтууд дээр тавихдаа “санамсаргүйгээр мартаж орхисон” байх нь олонтаа. Магадгүй, авар үг тогоруун дуутай адил болохыг жишин хэлсэн нь орос ах нарын санаанд нийцээгүй ч юм бил үү, хэн мэдлээ.

Нисэн яваа тогоруун цувааг итгэл шимшрэл дүүрэн нүдээр хардаг найрагчийн сэтгэлийн нууцхан гунигтай, гэртээ харьж ирэлгүй тэнгэрт тогоруу болон мөнхөрсөн цэрэг эрсийн тухай өгүүлэх энэ дууны шүлгийг манай нэрт зохиолч, яруу найрагч М.Цэдэндорж тун сайхан орчуулсан байдаг юм.

Тогоруу

Аюулт дайны талбараас ирээгүй
Ахан дүүсийн булшинд ороогүй,
Аргамаг морьтод миний бодоход
Цагаан тогоруу болсон байх шүү.

Тэртээ үеэс одоо хүртэл аанай
Тэнгэрээс тогоруу дууддаг байх шүү,
Тэгээд бид нар үргэлж гуньж
Тэнгэр ширтэн гөлийдөг байх шүү.

Газраар хүн болж тэнэсэн шигээ
Ганган цуваагаар тогорууд одоо
Харийн нутаг дээгүүр үдшийн мананд
Зэллэн нисэхийг харж байна би.

Холын аянаа гүйцээж нисэхдээ
Хүний нэрээр дуудаж байна,
Тэгээд ч авар үг тогоруун дуутай
Тэртээ үеийн үеэс адил биш үү.

Эцсэн цуваа тэнгэрээр нисэн ниснэ
Тэд лав миний найз төрөл шүү,
Эгнээ хооронд нь жаахан зай байна
Тэр лав миний байр мөн шүү.

Ийм л нэг сүүмийх хөх тэнгэрт би
Энэ л нэг цуваанд орох цаг ирнэ.
Тэнгэрийн мандлаас шувууны дуугаар
Газар дээр үлдсэн та бүхнийг дуудна.

…Дөчин жилийн тэртээ анх “мэндэлсэн” дууны түүхийг Ялалтын баярын угтал болгон бичлээ. Энэ дууг сонсох бүрий сэтгэлийн минь утас доргин чичирхийлж, эх орон, газар шорооныхоо төлөө амь хайрлалгүй тэмцэн тулалдаж, цагаан тогоруу болон “хувирсан” цэрэг эрсийн төлөө сархдын дээжийг өргөж, санаа алдмаар болдог юмаа…

Wednesday, May 6, 2009

“Мөнхийн ЁС”


Эмнэлэгт хэвтэж байгаад өнөөдөр гарч ирлээ.

Шинэ жилээс хойш зүрхээр хатгуулж өвдөөд байх болсон юм. Эхэндээ тоохгүй л явлаа. Гэтэл 3 дугаар сараас хойш өвдөх нь бүр их ширүүсч нэг л бишээ. Ойр ойрхон өвдөж шаналж зовсон хүн хичээлдээ ч сууж чадахгүй дэмий л өдөр хоногийг өнгөрөөх боллоо. Сүүлдээ бүүр зүүд нойр хүртэл эвгүйрхэж голцуу үхэж үрэгдсэн хүмүүс зүүдэлдэг болов.

Нэг удаа өөрийгөө үхсэн хэвтэж байна, сүнс маань биенээсээ салаад гарчихсан буцаж орох гэж маш их зовж тарчилж байгаагаар зүүдэлдэг байна шүү. Хажууд охин маань унтаж байх юм, тэврэх гэтэл бие нь гарт баригдахгүй, яг л “Сүнс” кинон дээр гардаг шиг хоосон агаар самардаад байх юмаа. Эхнэрээ дуудтал намайг сонсож байгаа шинж алга. Хэн нэгэнтэй гар утсаараа яриад ухаангүй. Олон дахин дуудсан боловч намайг даанч сонсохгүй юмаа.

“Би чинь үхчихсэн юм байна шүү дээ. Тэгээд л эхнэр маань намайг сонсохгүй байгаа юм байна. Энэ хоёр маань надаас хойш яаж амьдарнаа. Ядахдаа охиноо сургуульд орохыг нь үзсэн ч болоосой..” гэж бодохоор дотор харанхуйлаад...

Сүүлчийн хүчээ шавхан эхнэрээ дуудлаа. Гэтэл хэн нэгэн намайг нэрээр минь зөөлөн дуудах нь сонсогдож би энэ ертөнцдөө эргээд ирлээ. Тэр үед ямар их баярлав аа. Би ер нь амьдралдаа тэгж магнай хагартал баярлаж үзээгүй байх аа?! Амьд байгаадаа баярлаж охиноо тэвэрч баахан үнслээ. Нэгэнт амьд сэрүүн байгаагаа лавтай мэдсэн тул эхнэртэйгээ “хэрүүл” хийлээ дээ.

-Чи ямар муухай хүн бэ? Би сая өөрийгөө үхчихсэн байна гэж зүүдлээд. Тэгээд чамаас аврал эрж дуудаад байхад чинь утсаар яриад тоохгүй юм.
-Харин тэгээд яагаав. Унтаж байтал чи гэнэт нэг их эвгүй муухай хоолойгоор гиншээд байсан. Хар дарж зүүдлэж байна гэж мэдээд аяархан шиг дуудаж байж сэрээлээ шүү дээ.
-Үгүй ер. Чи Удвалтай л утсаар яриад байсан шүү дээ. Би чамайг хичнээн их дуудваа. Ингээд л үхдэг юм байж, сүнс болчихож гэж бодоод биендээ буцаад орох гэж үйлээ үзэж байхад чинь туслаад ч өгөхгүй...
-Өө, за за. Сүнсийг нь эргүүлээд биенд нь оруулаад өгсөн биш харин буруутан болчихдог юм байна л даа. Чи л сүүлийн үед намайг авч унтахгүй, охинтойгоо л унтана гэж томроод байсан биз дээ? Тэгээд ямар байна?
-Аймаар юм байна аа. За нааш ир, хажуугаар ороод унт.
-Тэр нь дээр байлгүй. Та хоёр надад томроод хаа холдох вэ дээ. За, чи охиноо тэвэр, би чамайг тэврээд унтая. Тэгвэл элдэв муухай юм зүүдлэхгүй байх.
-Ёоох...

Ийм л юм болсон юм даа. Маргааш нь би эхнэртээ үнэнээ хэллээ. Сүүлийн үед байнга зүрхээр хатгуулж өвдөж байгаа, хичээл дээрээ байнга ширээ дэрлэж хэвтэх болсон, бас дандаа үхсэн үрэгдсэн хүмүүс зүүдлэх болсон гээд л...

Манай хүн миний яриаг сонсож дуусмагц багш лам руугаа залгалаа. Бид өөрсдийгөө өвдөж зовохоор үзүүлж харуулдаг, бас охиноо байнга даатгадаг нэг зурхайч лам байдаг юм. Лам багш маань миний тухай сонсмогц утасны цаанаас шууд л,
-Наад хүний чинь зүрх нь тааруу байна. Унтаж байгаад тэр чигээрээ нэг мөсөн “унтчихаж” магадгүй байна шүү. Сүр сүлдийг нь яаралтай дуудуул. Бас ийм ийм ном уншуул гээд баахан номын нэр хэлжээ.

Миний ярианд эхэндээ жаахан тоомжир муутай байсан хань минь багш ламтаныхаа хэлсэнийг сонсоод айчихаж. Түргэн авлаа даа. Надад яаралтай баахан ном уншуулж, засал хийлгэн, элдэв янзын шинжилгээ өгүүлж, эцэст нь эмнэлэгт хэвтүүлээд санаа нь амрав.

Эмнэлэгт хэвтэснийх оношоо мэдэж авлаа. Эм тариагаар баахан бөмбөгдүүлэв. Өдөр болгон дусал залгуулаад тааз ширтэн хэвтэж байхдаа нэг л зүйлийг сайн ойлгож авсан. Энэ нь “Бурхан миний амьд явах хугацааг сунгаж өглөө” гэдэг ухаарал. Харин хэдий хэр хугацаагаар сунгасныг би даанч мэдэж чадсангүй ээ...

Хүн амьд явах насандаа нэг удаа ч гэсэн хүнд өвчнөөр өвчилж үзэх хэрэгтэй юм. Энэ нь түүнд туулж өнгөрүүлсэн амьдралаа тайван, няхуур эргэцүүлж үзэх бололцоо олгоно” гэж миний хайртай зохиолч Нодар Думбазе “Закон вечности” романдаа бичсэн байдагсан. Монгол хэлнээ “Мөнхийн ёс” хэмээн буулгасан эл романыг би мөн ч олон удаа шимтэн уншсан даа. Гэхдээ энэ удаагийнх шиг сэтгэл зүрхнийхээ угт тултал, бүр нэг яс махаараа мэдэртэл тэгж ухаж ойлгож уншаагүй юм байна шүү!!!

Сайхан сэтгэл, саруул ухааны дээдийг биедээ цогцлоож, инээдэм наргиан, эгэл биш хошин шогоор бүтээл туурвилаа чимсэн Гүржийн нэрт зохиолч, энэрэнгүй үзлийн дууч Нодар Думбазе зүрхний шигдээс өвчнөөр өвдсөнийхөө дараа дээрх романаа туурвисан билээ. Тэрээр эл романыхаа төгсгөлд “Мөнхийн ёс” гэж байдаг болохыг ухаарснаа бичсэн байдаг.

Түүний нээсэн “Мөнхийн ёс”-ны гол утга нь:
“...Хүний сэтгэл гэдэг түүний биеэс зуу дахин хүнд юм.......
Ганц хүн дааж авч явж чадахааргүй тийм хүнд юм...Иймээс хүмүүс бид, амьд яваа насандаа бие биедээ тус хүргэхийг хичээж, бие биенийхээ сэтгэлийг мөнхжүүлэхийг хичээх ёстой юм...Би таны сэтгэлийг, та өөр нэг хүний сэтгэлийг, цаад хүн чинь бас нэг хүний сэтгэлийг гэх мэт хязгааргүй юм... хүний үхэл биднийг ганцаардуулахгүйн тулд юм шүү дээ”
гэжээ.

Харин миний хувьд эмнэлгийн орон дээрээс олсон нээлт, ухаарал минь гэвэл "Бурханы хайрласан нас, амьд явах хугацаандаа хүмүүст сайн үйл түгээх, бусдыг энэрэн хайрлаж, туслаж дэмжих, сайхан сэтгэлийн үрийг тарих..." Энэ “Мөнхийн ёс”-ыг зөрчиж, хувиа борлуулан, довоо шарлуулж,
Андуу эндүү явбал
Амий минь гартал ниргээрэй, БУРХАН МИНЬ!