Saturday, October 31, 2009

“ТУНГАЛАГ ТАМИР” романаас түүсэн шүр сувд-II


...Монгол хүн гэж ярихын тул монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй.
265 тал

...Ногоорсон ургамал, өнгийн цэцгээр чимэглэгдсэн хорвоо хөхөөн дуу юутай сайхан бэ? Мандах наранд түмэн зүйлийн өнгө бадарсан урт амыг уруудан Хуягийн захирсан Хатанбаатарын магнайн тавин цэрэг цувран явлаа.
265 тал

...Өөртөө байхгүй нинжин сэтгэлийг бусдаас горьдсоны хэрэггүй.
269 тал

...Төмөр хэсэг дуугүй сууснаа:
-Би ядарсан хүнд тус болж байна гэж нам дуугаар хэлэв.
-Одоо үед таны тэр тус бол хор. Та өнөөдрийн аяга хоолыг залгуулж өгөөд, маргаашийн нь жаргалын хүсэл эрмэлзлийг мохоож байна. Хар тамхи татахад нэгэн үе бүх зовлонг умартаж, хоосон жаргалын хий мананд умбадаг боловч үнэндээ цогц бие нь ялзарч байдаг гэж Хуяг хэлэв.
270 тал

...-Та Долгорт дэндүү хатуу сэтгэл гаргасан бололтой гэж Сүхбаатар хэлэв.
-Намайг доромжилсон шүү дээ.
-Хатуу амьдрал, гэмт хэрэг ч хийлгэдэг юм шүү! Тэр хөөрхий эмэгтэйн буруу биш ч байж болно. Та сайн бодоорой гээд Сүхбаатар гарлаа.
273 тал

...Улааныхан дийлсэн гэнэ гэсэн үг Итгэлтийг анхандаа үлэмжхэн сандруулав. Учир нь улаан бол юмтай хүнийг үзэж чаддаггүй улс гэж хэлсэн Павловын үг санагдав. Чингээд алт, мөнгө мэтийн үнэтэй юмаа хадны хонгилд нууж харин малаа яах ч аргагүй байв.
316 тал

...Итгэлт, Итгэлтээ алдаагүй цагт хүслээ биелүүлж заавал чадна.
317 тал

..Итгэлт голомт сахих ганц хүүдээ хязгааргүй хайртай бөгөөд энэ хөрөнгийг түүний төлөө цуглуулсан. Эзэн нь зөвхөн Хонгор гэдгийг хүүдээ ойлгуулж, хөрөнгөндөө баясан бахархах сэтгэлийг зүрхэнд нь хадаж өгөхийг хичээдэг билээ.
318 тал

...Зовлонгийн цагт гардаг нулимс, баярын цагт бас гардаг болохоор учрал, уулзалтын гүн баярт умбасан эцэг хүүгийн аль алины нүдэнд баярын нулимс цэлгэнэн, дуугарч ч чадахгүй ширтэлцэн хэсэг зогслоо.
324 тал

...Итгэл шиг сайхан юм хаа байх вэ? Итгэлтэй цагт хүн ухаантай ч, хүчтэй ч байдаг. Итгэлээ алдсан хүн хий нь гарсан нойтон гүзээ шиг болдог.
327 тал

...Зовж гуньсан сэтгэлд хорвоо бүгчим, явцуу бөгөөд дээрэнгүй байдаг бол баяр жаргалаар дүүрсэн сэтгэлийг орчмын юм бүхэн чимж дэлгэр уужим болгодог билээ.
332 тал

…Өөрөөсөө дор гэж бодож явсан хүн дээр болоход зарим хүнд атаархах сэтгэл үүсэн гарч хайрлан үзэж байснаа дайсагнан үздэг удаа бишгүй байдаг. Ер нь ч хорвоогийн атаа жөтөө үүнээс үүсдэг билээ.
333 тал

...Ер нь хүн бүхэн уйлдаг бөгөөд Төмөр ч бас уйлдаг билээ. Гэвч энэ бол нулимсгүй битүү уйлалт. Хэрэв нулимстай уйлахад гуниг гашуудал гадагш гардаг бол нулимсгүй уйлахад гуниг гаслал нь зүрхэнд нь орон тарж шингэдэг юм. Энэ учраас хүчтэй сэтгэлийн битүү уйлалт бол хүнд ч, даацтай ч байдаг шүү дээ. Хөнгөн сэтгэлийн гуниг хөнгөн байдгийн адил, их сэтгэлийн гаслан их гүнзгий байдаг болохоор хүүгээ бодсон Төмөрийн зовлонг зөвхөн Төмөрийн зүрх сэтгэл л давж гардаг юм.
336 тал

...Салсан сарнисан улсын уулзалт шиг сайхан юм энэ орчлонд юу байх билээ. Энэ учрал нь хагацал гашуудлаар дүүрсэн Батын сэтгэлд баярын хур, жаргалын цэцэг буй болгов. Баярласан сэтгэл нь барьцгүй гуд татуулсан бөхийн гар шиг зүг бүхнээс тэмтэрч уйлах, инээх зэрэгцэн сарвалзана.
357 тал

...Хэн ч хазгай гишгэж болно. Гэвч юуны өмнө түүнийг татаж авахыг хичээдэг юм. Энэ бол хүний ёс. Гэтэл ах нь хазгай гишгэсэн эхнэрээ татаж авахын оронд түлхэж орхисон байв. Талд үлдсэн өнчин ишиг шиг хоцорсон Долгорын ганц найдлага болсон хүү нь бас түүнийг орхин алга болжээ. Энэ учраас Долгорын бүх зовлонгийн эзэн бол эцэг хүү хоёр гэж Төмөр бодож байлаа. Төмөр ингэж ч бодох эрхтэй хүн. Хэрэв хүний эхнэр болоод байсан Дулмааг түлхэж орхисон бол Дулмаа ч жаргахгүй. Төмөр ч жаргахгүй байсан. Харин Дулмаагийн аргагүйн эрхэнд хийсэн гэмийг уужим сэтгэлээр уучилж чадсанаар одоо тэр хоёр бие биеийн сэтгэлд гандашгүй цэцэг болон хамт яваа ажээ.
358 тал



/Үргэлжлэл бий/

Monday, October 26, 2009

Улаанбаатар хотын тухай хуучны ил захидлууд


Өнөөдөр Үндэсний түүхийн музейд “Улаанбаатар-370” гэсэн үзэсгэлэн нээгдсэн тухай зурагтаар гарч байна. Би ч гэсэн хоцрох юу байхав, үзэсгэлэнгээ нээнэ ээ. Тавтай морил, андууд аа.

Миний цуглуулгад ийм нэгэн ил захидлууд байдаг юм. БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамнаас эрхлэн хэвлүүлсэн, “Улаанбаатарын байдал” нэртэй, 1960-аад оны эхэн үеийн ил захидлууд л даа. Хамгийн сонирхолтой нь эдгээр ил захидлуудаас тухайн үеийн Улаанбаатар хотын өнгө үзэмж, дүр төрх, тохижилт зэргийг харж болдог юм.

1. Улаанбаатар дахь Залуучуудын ордон гэж нэрлэсэн эхний ил захидал. Уг барилга нь 1960 онд ашиглалтад орсон.
Орой дээр нь МХЗЭвлэлийн тэмдэг харагдаж байна. Энэ тэмдэг одоо байдаг билүү, үгүй билүү? Тухайн үед Залуучуудын ордон гэж нэрлэж байсан уг байранд өнөөдөр Улсын драмын эрдмийн театр байрлаж байгаа.

2. Улаанбаатар дахь Ордон музей гадаад байдал. Энэ барилгыг маршал Чойбалсангийн сууцанд зориулж 1947 онд барьсан. 1953 онд Чойбалсангийн ордон музей байгуулж, дараа нь Сүхбаатарын музейн үзмэрийг шилжүүлэн авчирч
нэгтгэсэн гэдэг. 1960-аад оны эх хүртэл “Сүхбаатар, Чойбалсангийн ордон музей” байрлаж байсан энэ барилга одоо Төр засгийн үйлчилгээний мэдэлд байрлаж буй. “30 дугаар байр” хэмээн нэрлэдэг. Сүүлийн үед Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар салбарын төлөөлөлтэй өглөөний цайгаа энд уух болсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Сонирхолтой нэг зүйл бол уг барилгын хашааны нүүрэн талд музейн хаяг нь бүдэгхэн ч гэсэн харагдаж байгаа юм.

3. Улаанбаатар дахь 10 жилийн I дунд сургууль. Нэгдүгээр арван жилийн сургуулийн барилгыг лам голдуу хүмүүс жил хүрэхгүй хугацаанд их л түргэн барьсан гэдэг.
1940 онд ашиглалтад орсон. “Хувьсгалын эсэргүү” гэгдэж шоронд хоригдож байсан Чоймбол гавж, уран Чойгоо нар барилгын нүүрэн талд байсан Сүхбаатар, Чойбалсан, Ленин, Сталины барельефийг богино хугацаанд чанартай хийгээд суллагдаж, нэг нь Хөдөлмөрийн гавьяаны одон, нөгөө нь Алтан гадас одонгоор шагнуулж явсан түүхтэй. Харин тус сургууль хэдэн жилийн өмнө их засвар хийхдээ уг барельефийг авч хаясан байх шүү.

4. Улаанбаатар дахь Улсын хөгжимт драмын театр. 1949 онд ашиглалтад орсон энэ барилгад өнөөдөр дуурь бүжгийн театр байрлаж байгаа.
Бас гол хаалган дээр нь ур муутай хоёр арслангийн баримал тавьсан байгаа байх. Мөн хажууд нь тулгаад шахуу барьсан Шангрилагийн өндөр барилгын сүрд дарагдаад нэг л жул харагдах болсон байна лээ.

5. Улаанбаатар дахь “Энх тайваны гүүр”. 1958 онд ашиглалтад орсон. Энэ ил захидлаас харвал Богд уулын энгэр бэл нүцгэн байсан юм биш үү?
Гэтэл өнөөдөр хан уулын энгэр бэл, хатан туулын эрэг хөвөөгөөр битүү барилга боссон байгаа биз дээ. Богд уулыг дархалснаас хойших 230-аад жилийн хугацаанд энэ уул ингэж муугаа үзэж байгаагүй байх аа. Дархан цаазтай Богд ууланд дээдсийн орд харш, амбаар сав битүү шавахыг харах үйлтэй л толгой байж дээ, би.

6. Улаанбаатар дахь пионерийн ордон. Би андуураагүй бол өнгөрсөн жил уг барилгын 50 жилийн ой болсон байх шүү. Уг барилгын суурин дээр хуучин цагт Зүүн Хүрээний цогчин буюу
Батцагаан гэж алдаршсан түмэн хүний багтаамжтай том дуган байсан гэдэг. Миний сайн мэдэж байгаагаар одоо Хүүхдийн урлан бүтээх төв гэгдэх болсон уг барилгын хайс хашааг холбогч асар хэлбэртэй хаалгыг авч хаясан. Хойд хэсэгт нь “House international”-ийн барьсан орон сууцны 5-9 давхар арваад барилгууд боссон доо.

Миний үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлэн "Үйлсийн сайхан Улаанбаатар" дуугаар ая баръя. Хүндэт зочдод зориулсан дэвтэр үүдэн дээр байгаа. Санал сэтгэгдлээ бичихээ мартуузай.

Friday, October 23, 2009

“Гималайн уулс”


Төрийн шагналт зураач М.Цэмбэлдоржийн “Гималайн уулс” хэмээх гайхалтай бүтээлийг та харж байна. Ардын зураач Г.Одон түүнийг “Байгалийн дуучин” хэмээн үнэлсэн нь хэтрүүлэг байгаагүй болохыг энэ зургаас харж болно.

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт зүтгэлтэн Мятавын Цэмбэлдорж нь 1931 онд төржээ. Багадаа өнчирч хар нялхаасаа аж амьдралын мөр хөөсөн тэрбээр дээд боловсрол эзэмшиж чадаагүй байна. Гэвч байгалиас заяасан авьяас, нөр их хөдөлмөрч чанараараа гадаад дотоодод дээд боловсрол эзэмшсэн хэн хүнээс дутахааргүй бүтээл туурвиж явсаныг бүтээлүүд нь гэрчилдэг.

“Байгаль үзэсгэлэнт өнгө аясаараа түрлэг өргөн зураачийн сэтгэлийг өөртөө байнга татаж, ямагт нэгийг шивнэн байдаг билээ” гэж ярих дуртай байсан зураач маань байгалийн сэдэвтэй хэдэн зуун зураг зурж үлдээсэн юм. “Түүний зурсан цэцгийн баглаанаас анхилуун сайхан үнэр, ногоорон харагдах хөндийгөөс агь таанын үнэр сэнгэнэж, өвлийн байгалийн зургуудаас нь жихүүн хүйтний цэвэр тунгалаг агаар амьсгалах шиг болдог” гэж урлаг судлаач Р.Бат-Очир дурсан бичсэн байдаг билээ.

Тэрээр Москва, Ленинград хотод урлагийн бүтээлийг сэргээн засах чиглэлээр курсэд суралцаж, эртний уран барилгын хана туурган зургийг сэргээн засварлах, хуулбарлах дадлагыг Япон улсад хийжээ. Уг чиглэлээрээ Богд хааны ордон музейн хувцасны сан, лаврин, Нархажидын сүм, Чин ван Ханддоржийн байшин зэрэг монгол үндэсний уран барилгын 20 шилдэг бүтээлийг сэргээн засварлаж, өнгө будаг, хээ угалзны эх загварыг хийж гүйцэтгэжэ.

Тэрээр Энэтхэг улсын үндэсний музейд байдаг Турфаны сүм хийдийн хана туурганы 200+150,60+70,70+80 хэмжээтэй зургийг соёлын гэрээний дагуу очиж хуулбарлан авчирч музейд тавьсан хүн. Ингэж явах зам зуур Гималайн уулсыг онгоцны цонхоор харснаа сүүлд нь бүтээл болгож зурсан зураг нь энэ билээ. Түүнийг “гайхалтай ой сайтай хүн байсан” гэж ахмадууд ярихыг нэг биш удаа сонсож явлаа. Миний цуглуулгад "Алтайн уулс", "Онгон тал, "Бага газрын чулуу", "Чулуутын цуурай" зэрэг бүтээлийнх нь хуулбар бий.

М.Цэмбэлдоржийн бүтээлүүд:
“Бага газрын чулуу”, “Алтайн дуулал”, “Говийн хавар”,”Отгонтэнгэр уул”, “Говийн үдэш”, “Чулуутын цуурай”, “Сэнжит улаан”, “Шуудан хүргэгч”, “Цагийн сайхан”, ” Мөнх хайрхан”, “Онгон тал” зэрэг олон сайхан бүтээл бий.

Wednesday, October 21, 2009

Тусгаар тогтнолын их баяр


1945 оны 10 дугаар сарын 20. БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураав. Санал хураалтанд 483291 хүн хамрагдсанаас нэг ч хүн эсрэг санал гаргаагүй билээ.

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би...

Д.Пүрэвдорж "Тусгаар тогтнол" шүлгээс

Monday, October 19, 2009

Дэвүүрт дуртай хатан хаан


Испанийн хатан хаан Изабелла Фарнезио дэвүүр цуглуулдаг байжээ. Түүний цуглуулгад өд, арьс, торго, нэхмэл эдлэлээр хийсэн 2000 гаруй гойд чамин дэвүүр байсны дотор 200 орчим сувдаар чимэглэсэн маш үнэтэй дэвүүр ч байв. XYI зуунд Португалийн далайчид Энэтхэгээс Испанид аваачсан дэвүүр нь хожим Францын хөрөнгөтний хувьсгалын өмнөхөн бүх Европыг байлдан дагуулжээ.



Sunday, October 18, 2009

Д.Нацагдорж : Дөрвөн цаг



Намар

Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

1935 он

Wednesday, October 14, 2009

Улсын эх дагина


Богд хаант Монгол Улсын Эх дагина Цэндийн Дондогдулам нь Бүрэн засагчийн сүүлчийн /1874/ оны намрын сүүл сарын 15-ны өдөр /билгийн тооллоор/ Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон бэйс Цанлигдоржийн хошууны нутагт мэндэлжээ. Түүний тухай түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Гомбосүрэн гуай сонирхолтой түүх олныг хуучилдаг юм. Зах зухаас нь сонирхуулбал:

-Их Хүрээнд байсан Оросын мэдээлэгч Хлебников гэгч 1910 оны 11 сарын 20-нд Хиагтын комиссар Хитровод бичсэн захидалдаа: “...нэг удаа Сандо амбан Богд гэгээнд бараалхан очиход гэгээн эхнэртэйгээ сууж байв. Амбаныг ороход эхнэр нь босож хүндэтгэл үзүүлээгүй аж. Сандо амбан илт таагүй байхыг ажигласан Богд мэдээд, Энэ бол гэгээн миний эхнэр тул босох албагүй гэж түүнд хэлсэн байна. Хариуд нь амбан, “Гэгээн та эхнэр авах ёсгүй” гэж сөргөөв. Үүнээс хойш тэдний харилцаа эрс хүйтэрсэн нь магад” гэжээ.

Сайтар тунгаавал Богд гэгээн манжийн амбан Сандоог хүлээн авахдаа, Дондогдуламыг зориуд байлган, түүнд эхнэрээ босон хүндэтгэл үзүүлэхгүй байхаар бодсон бололтой. Улс төрийн бодлого гэдэг тийм л айхтар нарийн юм даа. Ер нь 1911 онд Монгол улсыг сэргээн тунхаглахад Богд Жибзундамба хутагтын оруулсан хувь нэмрийг тодруулахдаа Улсын эх дагина Дондогдуламын тухай орхиж болохгүй юм шүү гэж билээ.

Tuesday, October 6, 2009

Тоохуар буюу “Тайзны хатан хаан”


“...Бяцхан тасалгааны бараг баганхи талыг эзэлсэн өргөн ханз орон дээр хэвтэж байгаа эмэгтэй хүний хар эмжээрт улаан торгон хөнжил хөдөлж, эцэнхий гар алгуур гарч ирснээ дээш огшсон хөнжлийнхөө захыг доош татаж, шургасан толгойгоо гаргав. Энэ бол Тоохуар гэгч, багын нэр Насанжаргал. Насныхаа залууд одоогийнхоо охинтой юутай адил байсан бол гэхүйц шинж тэмдэг тодорхой байвч мах мариа алга. Өнгө зүс үхэнги, олон жил хүнд өвчинд нэрвэгдсэн болов уу гэлтэй. Гэвч тийм биш, дэрний хажууд ширээ, ширээн дээр нь бүдүүн голт ширмэн цөгц, хар тамхины ганс байгаагаар бүх хэрэг тайлбарлагдана” хэмээн Д.Намдаг гуайн “Нүгэл буян хоёр”/1961 он/ кино туужид гардаг билээ.

Халуун ханзан дээр хажуулдан хэвтэх Тоохуарын өрөөн дэх зургийн жаазанд дээрх гэрэл зураг харагддаг юм. Харин хэд хоногийн өмнө нетээр тэнэж яваад эл зургийг олж үзлээ. Хуучны ховор нандин гэрэл зураг олж үзсэндээ олзуурхаад тэсэлгүй “өвөртлөөд” харьсан билээ. “Хариад” хар авдрандаа хийгээд мартчихжээ.

Гэтэл саяхны ням гаригт эзэн Чингисийн алтан ургийн залгамж удам, нэгэн элит гэр бүлд зочилж, хуучны ховор сайхан фото зургууд үзэж суутал нэг их таньдаг зураг гараад ирдэг байна шүү. “Энэ чинь юун зураг билээ” гэвэл гэрийн эзэд “ардах бичгийг нь унш” гэнэ. Уншлаа. 1936 оны дөрөвдүгээр сарын 14-нөөр өдөрлөн дурсгалын үг бичиж хадгалуулсан эл зураг дээр “Монгол хүү” кинонд тоглосон жүжигчин Б.Сосорбарам, Д.Ичинхорлоо нарын залуу нас гэрэлтэн байх ажээ. Ямар ч эмэгтэй хүнийг залуу нас нь нэр алдартай фирмийн будаг шунхнаас илүү гоодож, сайхан харагдуулдаг юм байна гэдэгт итгэж үнэмшлээ.

Нэгэн цагт “Тайзны хатан хаан” хэмээн хүндлэгдэж байсан ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуай “Монгол хүү” кинонд хятад хүүхний дүр бүтээж явсан хүн. Уг дүрийг бүтээх явцдаа 1935 оны 11 сарын 17-ноос 1936 оны 5 сарын 17 хүртэл зургаан сарын хугацаатай ЗХУ-д томилогдон “Ленфильм” кино фабрикт ажиллаж байсан болон сар бүр 200 төгрөг, 750 рублийн цалин хэрэглэл авч байсан тухай нь кино үйлдвэрийн ахмад ажилтан С.Батчулуун гуай дурсан бичсэн байдагсан.

“Монгол хүү” киноны жүжигчин бүсгүйчүүдээс эхэлсэн бидний яриа нэг л мэдэхэд хүрээ хүүхнүүдийн намба төрх, хувцасны хэв маяг, дуу хууранд шилжсэн байж билээ.

Орой нь гэртээ ирээд “хар авдраа” ухаж хадгалсан зургаа ахин нэг үзлээ. Ардын жүжигчин Ичинхорлоо гуайн дээрх зургийг харжээ суутал “...Энэ хүрээ эрээн мяраан, эд мөнгөний өрсөлдөөн. Тэр мөртлөө бүсгүй хүний гуа үзэсгэлэнд ухаангүй ховдог. Энэ бүхнийг би өөрийн биеэр үзэж туулсан хүн. Тийм ч учраас ганц охиноо өөрийнхөө энэ замаар явуулах гэж боддог байлаа. Тэгтэл охин минь ариун зам, саруул амьдралыг эрэн зугтлаа. Энэ нь зөвөө. Би эх болсон хүний нинжин сэтгэлийн үүднээс баясан үдэх ёстой” гэх “Нүгэл буян” киноны Тоохуарын монолог чихэнд минь сонсогдох шиг болж билээ...